Б.Серик: Казахстанаас манайд харьяалагдаж барилд, легионер бол гэдэг санал тавьж байсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд 5 давж улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээ, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны бөх Бердимуратын Сериктэй нутагтаа ирж амарч байхад нь хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр Монголын казах иргэдийн дундаас 35 жилийн дараа төрсөн улсын цолтой бөх юм.
-Юуны өмнө Өлгий нутгийн хүчтэнүүдийн цолны буухиаг үргэлжүүлж улсын начин цол хүртсэн явдалд баяр хүргээе.
- Баярлалаа.
-Ярилцлагаа чиний хүүхэд насны тухай ярианаас чинь эхлэе гэж бодож байна.
-Би 1994 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд төрсөн. Бага насаа Дархан-Уул аймгийн Шарынгол сумд өнгөрүүллээ. Өвөөгийнхөө хажууд өсөн хүүхэд л дээ. Сурагч байхдаа ихэнх хугацаанд сургуулийн биеийн тамирын зааланд байдаг байлаа. Сагсан бөмбөг, хөл бөмбөг, гүйлт, өөр юу байна, тэр бүхэнд оролцоно. Биеийн тамирын багш маань үе тэнгийн хүүхдүүдтэй дандаа барилдуулдаг байсан. Ер нь спортод талтай хүүхэд байлаа. Тэр ч бас бөх болоход минь нөлөөлсөн болов уу. Тэнд 8 дугаар анги төгсөөд 2006 онд Улаанбаатар хотод ирж байлаа.
-Хичээл сурлагадаа ямархуу байв?
-Ангийн хүүхдүүдийн дээгүүр гарчхаагүй. Доогуур ч ороогүй. Голоор нь явсан даа. /Инээв/.
-Хэзээнээс эхэлж бөхийн спортоор хичээллэж эхлэв?
-2007 онд ”Таван Богдын бүргэдүүд” дэвжээний тэргүүн Х.Нурлат ах маань намайг аймгийн арслан К.Ханат багшид дагуулж очоод: “Энэ хүүхэд бөх болох уу?” гэж анх уулзуулж байлаа. Тэр үед би 13 настай байсан.
-Тэгээд К.Ханат арслан бөх болно гэж хэлсэн үү?
-Бид нар хотод уулзсан юм. К.Ханат багш миний гараас, хүзүүнээс барьж үзлээ. Тэгээд өвдөгнөөс бариад “бөх болох юм байна” гэсэн. Ингээд л бөх болчихдог юм байна гээд тэр үед их гайхаж байсан /инээв/. Тэгээд надад жүдо, чөлөөт бөхийн аль нэгийг сонгон хичээллэхийг санал болгосон. Би жүдо бөхийг сонгосон. Баянхонгор аймгийн арслан Ц.Шийрэв багшид анх шавь орж бөхийн гараагаа эхлүүлсэн дээ.
-Үндэсний бөхөд хэзээ орж ирэв?
-Тэр үед үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэж болдог байсан. Үндэсний бөхөөр барилдаж болох уу, үгүй юу, өөрийгөө шалгаж үзье гэж бодоод барилдсан юм. Тэгээд өсвөрийн улсын аваргын тэмцээнээс нэг хүрэл, нэг мөнгөн медаль хүртэж байсан. Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд нэг удаа түрүүлж, нэг удаа мөнгөн медаль авсан. Үндэсний бөхөөр 2009 оноос эхлэн тууштай барилдаж эхэлсэн дээ. 2010 онд аймгийнхаа өсвөрийн хүүхдийн барилдаанд түрүүлж, тэр жил Баруун бүсийн данчиг наадамд 3 даваанд улсын арслан П.Бүрэнтөгст нэлээн чанга унаж байлаа. 2011 онд аймгийн наадамд барилдаж аймгийн заан цол хүртсэн. Үзүүр түрүүний барилдаанд аймгийн арслан М.Еркебулан ахад унаж байв. Түүнээс хойш үндэсний бөхөөр дагнаж барилдсан юм.
-Үндэсний бөх, жүдо, самбо, сумо, казах күрес гээд бөхийн олон төрлөөр нэгэн зэрэг хичээллэж байна. Хүнд биш байна уу?
-Жүдо бөхийн барилдааны техник үндэсний бөх болон бөхийн бусад төрлүүдээр барилдахад дөхөм болдог болов уу гэж өөрөө боддог юм. Ганц барилдаж чадаагүй бөхийн спорт бол чөлөөт бөх байна. Чөлөөтөөс бусад бөхийн төрлөөр тэмцээнүүдээс медаль авсан.
-Чөлөөт бөхөөр хичээллэж үзсэн үү?
-Ороод мултарсан /инээв/. Тэр бол миний барилддаг спорт биш юм шиг байна лээ.
-Аав, ээжийнхээ талаар ярихгүй юу?
-Манай аавыг Елешийн Бердимурат гэдэг. Ээж Женисханы Гүлдана Дэлүүн сумын уугуул. Шарынголын уурхайд 20 гаруй жил ажилласан хүмүүс байгаа.
-Гэрлэх бодол байна уу?
-Найз охинтой. Гэхдээ гэрлэх асуудлыг цаг хугацаа л харуулах байх.

-2016 оны наадамд 5-ын даваанд улсын арслан Э.Оюунболдод унаж байсан. Түүнээс хойш Бөхийн өргөөнд болсон барилдаануудын бараг бүгдэнд нь гарсан. Ганц хоёр удаа л өнжсөн байх. Барилдсан барилдаан болгонд зорьсондоо заавал хүрнэ гэж өөрийгөө хурцалж, ер нь бэлтгэлээ сайн хийсэн л дээ. Заалны барилдаануудад ч чамлахааргүй сайн барилдсан. Бэлтгэл хийсний ачаар л улсын цолонд хүрсэн гэж боддог.
-Наадамд хэд дэх жилдээ барилдаад улсын цолонд хүрч байна?
-Дөрөв дэх жилдээ барилдаж цол авсан.
-Улсын наадамд анх барилдахдаа ямархуу амжилт гаргаж байв?
-2010 онд хүүхдийн барилдаанд барилдаж үзүүрлэсэн. 2012 онд аймгийн заан цолтой барилдаад улсын гарьд Ж.Бат-Эрдэнэд унаж байсан. 2014 онд нэг давж 2-ын даваанд Өвөрхангайн Болдбаатар арсланд унасан. 2016 оны барилдаанд 5-ын даваанд өвдөг шороодсон.
-Энэ жилийн наадмын бэлтгэлийг нутагтаа хийлээ, тийм ээ?
-Би урьд нь наадмын бэлтгэлд хотод гардаг байсан юм. Өнгөрсөн жилийн наадмын барилдааны дараа би өвөлжингөө бэлтгэл хийсэн байсан. Х.Нурлат ах маань: “Нутагтаа очиж сайхан амар. Арав хоногоор очоод ир” гэж зөвлөсөн. Тэгээд би бүх цэрийн наадамд барилдаж 5-ын даваанд унаад, маргааш нь наашаа нисээд ирсэн. Өлгийд ирээд маргааш нь Улаанхус ороод ахсакалуудад мэндэлж “батаа” /ерөөл/ авсан. Тэр хүмүүсийн ерөөл, сэтгэлийн дэм ч улсын цолонд хүрэхэд нөлөөлсөн байх. Дараа нь “Зоост” амралтын газарт аймгийн заан М.Аманбек, С.Бат-Үүл, аймгийн харцага Б.Бегжан, Ш.Сапар нартай хамт 10 хоног бэлтгэл хийж, хотод очоод “Алдар” спорт хороонд Ш.Зоригт багшийн удирдлагын доор 7 хоносон. Энэ бүх хүмүүсийн дэмжлэг, нутгийн минь уул ус, Таван богд хайрхан маань түшсэн болов уу даа.
-Энэ жилийн наадмын 5-ын даваанд чамайг барилдахад Баян-Өлгийчүүд дээлийнхээ захыг мушгиж, өөрсдөө барилдаж байгаа мэт хүч гаргасан даа...
-Тийм ээ. Өнгөрсөн жил 5-ын даваанд унасан. Энэ жил дахиад унахвий гээд тэр үед их юм бодогдсон. Б.Адьяахүү, Ш.Зоригт, Ц.Шийрэв багш нар маань надад: “Тайван, зоригтой бай. Хэнтэй таарсан ч өөрийнхөөрөө сайхан барилд. Санасан юмаа хийгээрэй” гэсэн. Уг нь ам авахыг сонсох нэлээн хэцүү шүү. Хэн авах бол гээд түгшээж суулаа. Тэгтэл Т.Баасанхүү харцага амлаж авсан.
-Т.Баасанхүү харцагатай өмнө нь барилдаж байсан уу?
-Бөхийн өргөөнд хэд хэдэн удаа барилдаж унаж байсан. Би бүх барилдаануудынхаа бичлэгийг үздэг л дээ. Багш маань ч тэр хүнтэй ингэж барилдана шүү гэж байнга заадаг. Харцагатай хийсэн өмнөх барилдаануудынхаа бичлэгийг хэд хэдэн удаа үзэж байсан. Тэр их тус болсон.
-Ер нь Т.Баасанхүү харцагатай барилдаан таардаг уу?
-Харцага маань уран барилдаантай, бужигнуулж барилддаг бөх шүү дээ. Багш нар маань аль болох барьж авч барилдана шүү, яарч битгий түрүүлж мэх хийгээрэй гэж захиж гаргасан. Уг нь 1-ийн даваанаас эхлэн хүмүүс надад “чиний бэлтгэл энэ жил сайн байгаа шүү. Улсын цолонд хүрнэ” гэж урам өгч байсан. Эдгээр хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө их хичээж барилдсан.
-Чамайг начин цолны болзол хангаж гүйж байхад засуул чинь бас баярлаад гараа өргөн гүйж яваа зураг сошиал дээр олон хүний анхаарлыг татаж байлаа...
-Тэгсэн. Нэрийг нь сайн санахгүй байна. Засуул маань намайг барилдаж байхдаа: “Серик ээ, яарч болохгүй шүү, золгож байж юмаа хийгээрэй” гээд дахин дахин захиж байлаа. Тэгээд намайг давсны дараа баярлаад гүйж явсныг сүүлд нь зургаас гарсан. Бөхөд хайртай монгол хүний нинжин сэтгэл гэж энэ шүү дээ.
-Начин болсны дараа одоо харцага, заан болчихъё гэсэн бодол төрсөн үү.
-Баярласнаас болоод тайвширч чадахгүй жаахан хариуцлагагүй хандсан асуудал байгаа. Тавын даваанд давсны дараа яаж туг тойрсноо ч мэдэхгүй. Нэг мэдэхэд Б.Бат-Эрдэнэ аваргад очиж үнсүүлж байсан. Аварга маань “чамд боломж байна, цолоо ахиулна шүү” гэсэн. Тэгээд бас хөлний бэртэл ч нөлөөлсөн л дөө.
-Ерөнхийлөгчийн зарлигийг сонсоод цолны үнэмлэх авч байхад ямар сэтгэгдэл төрсөн вэ?
-Намайг очиход Ерөнхийлөгч: “Ассалаумагалейкум” гэж инээж мэндэлсэн. Би ч “Уагалейкумассалам” гэж хариу мэндэллээ. Тэр хүнийг өмнө нь Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувьд сайн таньдаг байлаа. Намайг улсын шигшээ багт авч, тус болж байсан хүн шүү дээ. Надад баяр хүргэж: “Мундаг байсан. Цолоо ахиулах юм шүү” гэж их дотно хүлээж авч байсан. Тэгээд ч шинэ Ерөнхийлөгчөөс анхны шагналаа авах үнэхээр гоё байсан л даа.

-Ер нь нутгийнхаа бүх бөхчүүдийг хүндэлж явдаг. О.Бахыт харцага байна. Бид хоёр олон тэмцээнд хамт явж байлаа. “Хүмүүсийн итгэлийг дааж явдаг юм шүү” гэж байнга захидаг. Б.Баатарцол начин, К.Ханат, Ш.Мурат, Х.Айдос арслангууд бас байна. Б.Баатарцол начингийн гавьяаг хэлэхгүй байж болохгүй. Тэр хүн үнэхээр булган сүүлтэй байсан гэж боддог. Намайг ямагт дэмжиж, тусалж байдаг эдгээр ах нартаа үргэлж талархаж явдгаа энэ дашрамд хэлэх байна.
-Бөх хүн ингэж барилдвал амжилтад хүрэх юм байна шүү, ингэвэл болохгүй юм байна гэсэн өөрийн бодолтой байдаг байх?
-Жүдо бөх хүнд их сургамж өгдөг гэж боддог. Анх жүдогоор хичээллэж эхэлсэн цагаас л би бөхөд дурлаж, цааш явах хүсэл тэмүүлэлтэй болсон. Хүнийг яаж хүндлэх үү, яаж хүндлүүлэх үү, барилдахаас эхлээд хүний зан араншин хүртэлх бүх юмыг заадаг, засдаг спорт. Тийм учраас би жүдо бөхөд дуртай. Жүдогоос сурсан зүйлээ үндэсний бөхөд ашиглана. Энэ жилийн наадамд би 107 кг жингээр барилдсан. Тийм учраас -100 кг-д барилдвал зөв юм байна гэж бодсон. Урьд нь жин бага учраас бярдуулаад байдаг байсан л даа.
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд Олимпын аварга Н.Түвшинбаяртай финалд үлдэж байсан. Улсын шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хамтарч хийж байлаа. Энэ талаар ярихгүй юу?
-2013 онд улсын шигшээд оронгуутаа Түвшээ аваргатай нэг өрөөнд хамт бэлтгэл хийж эхэлсэн. Дэлхийн хэмжээний хүнтэй хамт хичээллэнэ гэдэг бол миний хувьд том нэр төрийн хэрэг байлаа. Их юм сурсан. “Миний дүү, энийг ингэж хийнэ шүү. Энэ чинь чиний алдаа шүү” гэж үргэлж хэлдэг байлаа. Миний аваргаас авсан сургамж их шүү.
-Хамгийн дурсамжтай барилдааныхаа талаар ярихгүй юу?
-Тийм барилдаанууд олон л доо. Гэхдээ миний хувьд аймгийн заан цол хүртсэн барилдаан дурсамжтай санагддаг. Тэр үед 17 настай байсан. Жүдо бөхөөр барилдаж байсны ачаар унаж яваад давсан юм. Өнөө жилийнхтэй адил аймгийн заан болоод баярлаад гүйсэн байсан. /Инээв/. Тэр цагаас хойш нутгийн зон олны талархал, итгэлийг хүлээж эхэлсэн дээ.
-Чамайг улсын начин болсны дараа Казахстаны хэвлэлүүд чиний талаар их бичиж байсан. Тэнд яаж танигдсан юм вэ?
-Казах күрес /казахын ард түмний үндэсний барилдаан/-ийн л ач тус шүү дээ. Казахстанд очиж барилдахад намайг бүгд дэмждэг. Давахад баяр хүргэж, унахад сэтгэлийн дэм өгч байдаг. 2013 онд М.Хажымуханы нэрэмжит Казах күресийн Олон Улсын тэмцээнд түрүүлсэн юм. Уг тэмцээнд Ч.Санжаадамба аварга бид хоёр хамт оролцсон. Би 90 кг-д, Ч.Санжаадамба 110 кг-д аваргалж, “Түйе палуан” цол хүртэж байсан. “Евразийн бар” тэмцээнд 2 удаа оролцлоо. Бусад хотуудад нь зохион байгуулагдсан тэмцээнүүдэд ч олон удаа оролцож байлаа. Тэгээд л танигдсан даа. 2014-2015 онуудад Казахстаны зүгээс манайд харьяалагдаж барилд, легионер бол гэдэг саналыг хэд хэдэн удаа тавьсан. Гэхдээ би үндэсний бөхөө орхихгүй, эх орондоо үлдэж тууштай барилдана гэж татгалзсан. Энэ бодол одоо ч хэвээрээ байгаа.
-Цаашдын зорилго юу вэ?
-Өмнө нь нутгийн иргэд надад үндэсний бөхөөр барилдаж амжилт гаргаач гэж хэлдэг байсан. Улсын начин болсны дараа хүмүүс одоо жүдо бөхөөр барилдана шүү гэж байна. Жүдогоор яагаад барилдахгүй байна гэж их асуудаг. Энэ хүмүүсийн сэтгэлийг алдахгүйн тулд жүдогоор тууштай барилдаж, улсын аваргаас медаль авах, тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцох бодолтой байна. Боломж гарвал олимпын тоглолтод оролцох зорилго бас байгаа. Мэдээж улсын цолны хариуцлагыг бас бодно.
-Нутагтаа ирээд амарч байна. Төрсөн нутаг Улаанхус сумд цолны найраа хийлээ. Нутгийн зон олон яаж хүлээж авч байна?
-Би энэ сарын 1-нд Баян-Өлгийд ирсэн. Нутгийн ард түмэн хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Түүнээс хойш одоо хүртэл хүмүүс ирж баяр хүргэж байна. Энэ тэнд явж байхад “улсын начин маань явж байна” гэж ирж баяр хүргэдэг. 2-ны өдөр Улаанхус сумынхан миний цолны найрыг хийж өглөө. Сумын ард иргэд бүгдээрээ хүрэлцэн ирж, найр өргөн дэлгэр болсон. Их халуун дотноор хүлээж авч байна. Маш их баярлаж талархаж байгаа. Энэ сарын 12-ны өдөр бас аймгийн төвд миний цолыг мялаах наадам болно.
-Улсын цолонд хүрэхийн төлөө өөртэй чинь адил олон залуус өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байна. Тэдэнд хандаж юу хэлэх вэ? Ямар зөвлөгөө өгөх вэ?
-Энэ жил “Өлгийн хүчтэн дэвжээ”-ний 30 гаруй бөх “Харзтай” амралтын газарт бэлтгэлд гарсан. Аймгийн арслан М.Еркебулан, Н.Мустафа, У.Береке гээд улсын цолонд ойрхон бөхчүүдийн маань бэлтгэл сайн байгаа. Бүгд улсын цол авах хэмжээний бэлтгэл хийдэг хүмүүс. Бөхчүүдийг зорьсон цолондоо хурдан хүрээсэй гэж хүсэж байна. Бэлтгэл сургуулилтаа таслахгүй сайн хийвэл улсын цол авдаг юм шүү гэж хэлмээр байна.
-Цаг заваа гаргаад манай агентлагт ярилцлага өгсөн явдалд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Баярлалаа. Намайг дэмжсэн, намайг барилдахад хамт барилдсан Баян-Өлгий аймгийн нийт ард түмэн, аймгийн Үндэсний бөхийн холбоо, аймгийн удирдлагад болон ШШГ 439-р ангийн хамт олонд, төрүүлж өсгөсөн аав, ээждээ, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний тэргүүн Х.Нурлат ахдаа, “Сүлд” спорт хороо, багш, дасгалжуулагч нартаа талархал илэрхийлье. Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно.

Ө.Нурболат