Согтууруулах ундаа борлуулдаг найман ААН-ын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт архи согтууруулах ундаа борлуулдаг зарим аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
“Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах тусгай зөвшөөрөл олгох аймгийн зөвлөл” -ийн ээлжит хуралдаанаар 16 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг сунгасан бол найман аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, хоёр аж ахуйн нэгжид архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах тусгай зөвшөөрөл олгожээ.
Мөн дөрвөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл сунгах шинээр олгох асуудлыг материал дутуу, шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар хойшлуулсан байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд 300 гаруй тусгай зөвшөөрлийн эрх олгосон байдаг байна.
Хуралдаанаар уул уурхайг дагаж хүн ам олноор төвлөрсөн Ханбогд, Цогтцэций, Гурвантэс, Даланзадгад сумдад тусгай зөвшөөрлийг нэмэж олгохгүй байх зарчмыг баримтална гэдгээ зөвлөлийн гишүүд илэрхийлэв.
Зөвхөн Цагаан хаданд л гэхэд 10 аж ахуйн нэгж архи согтууруулах ундаагаар үйлчлэх бүрэн эрхтэй байдаг гэнэ. Тэдний үйлчлүүлэгчид нь жолооч нар байдаг учраас энэ асуудлыг хөндөж цаашид онцгой анхааран ажиллах хэрэгтэй байгааг онцолсон юм.
Мөн аж ахуйн нэгжүүдийн хувьд “Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах тусгай зөвшөөрөл”-ийг олгоход тавих шаардлагыг хангах, эрүүл чанарын шаардлага хангасан орчин нөхцөлд иргэдэд үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажил зохион байгуулдаг болохыг зөвлөлийн зүгээс сануулсан байна.
Д.Мишигсүрэн