Орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа.
Өмнөговь аймгийнхаа Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд төрийн бодлого хэрэгтэй байгаа билээ. Тиймээс уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийн бодлого, ханган нийлүүлэлт гэсэн 2 зөвлөл байгуулсан юм.
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч, Ханган нийлүүлэлт хариуцсан зөвлөлийн дарга С.Мөнхбаяр орон нутгийн бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзан санал солилцлоо. Тус аймагт харъяалалтай хэрнээ орон нутагт татвар төлдөггүй компаниуд уул уурхайд ханган нийлүүлэлт хийдэг, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс авах татвар маш өндөр буюу 15 хувь байдаг, уул уурхайн компаниуд захиалсан бараагаа авдаггүй зэрэг асуудлыг орон нутгийн бизнес эрхлэгчид хөндөж, гэрээ хэлэлцээрийн түвшинд аймгийн удирдлагууд анхаарлаа хандуулж бодлогоор дэмжих хэрэгтэйг онцолсон юм.
Мөн бизнес эрхлэгчид нэг хүн шиг нэгдэж байж томоохон уул уурхайн компанид чанартай, урт хугацааны, ашигтай ханган нийлүүлэлтийг хийнэ. Энэ асуудлыг аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим дэмжиж оролцох ёстой хэмээн үзэж байгаагаа ч бизнесмэнүүд хэллээ.
Тус уулзалтанд бизнес эрхлэгчдийн төлөөлөл 10 гаруй иргэн оролцож цаашид орон нутгийн компаниудаа дэмжих, бизнес эрхлэгчид үйл ажиллагааг өргөжүүлэн ажлын байрыг нэмэх нь иргэдийнхээ амьдрал амжиргааг дээшлүүлэх зөв шийдэл гаргалгаа гэж үзсэн юм.
Д.Мишигсүрэн