Солонгос эмч нар үнэ төлбөргүй үйлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/Өмнөговь аймаг, БНСУ-ын Дамян аймагтай эрүүл мэнд, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа юм. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн ЗДТГ-ын санаачилга, дэмжлэгтэйгээр “Эрүүл шүд” аяныг зохион байгуулж Өмнөговьчуудыг шүдний үнэ төлбөргүй үзлэг шинжилгээнд хамруулж байна. Тус аймгийн БОЭТөвд шүдээ үзүүлэх гэсэн иргэд эмчийн хүрэлцээ муутайгаас дараалал хүлээн нь их байдаг. Тиймээс ч иргэд шүдний хувийн эмнэлгээр үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг билээ.
Дамян аймгаас нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй эмч мэргэжилтнүүд ирсэн бөгөөд тэд зөвхөн шүд гэхгүйгээр дотор, уламжлалын үзлэг оношилгоог хийж иргэдэд зөвлөгөө тусламжийг өгч байна. Хоёр аймгийн хамтарсан ажлын байран дахь сургалт, шүд, дотор, уламжлалын үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ нь “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-д 6 дугаар сарын 14-ийг хүртэл үргэлжилнэ. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дамян аймагтай хамтран иргэдэд шаардлагатай эм тариа, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хэрэгцээтэй техник хэрэгсэлд 60 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.
Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж үр дүнг нь илүү сайжруулахад хоёр тал анхаарах юм. Тухайлбал эмч мэргэжилтнүүдээ БНСУ-д болон бусад улсуудад сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулахаар ярилцаж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн