"Сайханы сарлаг 2017" сарлагийн баяр Гурвансайхан ууланд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-18 08:58:09
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт жил бүр болдог “Сайханы сарлаг 2017” сарлагийн баяр энэ сарын 27-нд үзэсгэлэнт Гурвансайхан ууланд болно.
2012 оноос анхлан зохион байгуулж эхэлсэн энэхүү баярыг энэ жил Өмнөговь аймгийн ЗДТГ, ХХААГ, БОАЖГ, БТСГ, ГГСБЦГХЗахиргаа, сарлаг бүхий сумдын ЗДТГ хамтран зохион байгуулах юм. Уг баяр нь говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, сарлагийг өсгөн үржүүлэх, сарлаг малладаг болон үржүүлдэг иргэдийг дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлагийн амьдын үнэлэмжийг дээшүүлэх зорилготой юм.
Баярын үеэр сарлаг болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бөгөөд “Сайханы сарлаг 2017” сарлагчдын дунд уулзалт хэлэлцүүлэг болох юм. Мөн сарлаг малын зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, тоо толгой, үүлдэрлэг байдал, ашиг шимт чанарыг харгалзан сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулахаас гадна хурдан сарлагийн уралдаан болох ажээ.
Энэ үеэр сум бүр олон нийтийг хамруулсан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулах бөгөөд сарлаг бүхий малчдын идэвхи оролцоог сайжруулах зорилгоор уг арга хэмжээнд авч ирсэн сарлагийн толгой бүрт 5000 төгрөгийн урамшууллыг олгох юм байна.
Сарлагийн баярт сүргээ авч ирэхдээ малчид нялх тугалтай үнээ авч ирэхгүй байхыг анхааруулж байгаа бөгөөд хэрвээ нялх тугал авч ирсэн тохиолдолд малчид өөрсдөө аюулгүй байдлыг хангахыг зохион байгуулагчид сануулж байна. 
Д.Мишигсүрэн

相关新闻