"Жаргалтай айл манайх" зөвлөлгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-15 14:53:44

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт өнөөдөр "Жаргалтай айл манайх" зөвлөлгөөнийг зохион байгуулж 20 мянга 600 гаруй гэр бүлийн төлөөллийг оролцуулж байна. 
Энэхүү гэр бүлийн зөвлөлгөөнийг анх удаа Өмнөговь аймагт зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Зөвлөлгөөнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн урилгаар оролцож "Монгол ухаан" сэдвээр лекц уншиж байгаа ажээ. 

Тус аймагт "Гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэж байгаа бөгөөд гэр бүлд амьдралын хамгийн сайхан дурсамж юутай ч зүйрлэшгүй үнэт зүйлс, хариу нэхдэггүй хайр халамж гээд энэ орчлонгийн хамгийн нандин бүхэн оршдог учраас уг өдрийг угтан "Миний гэр бүл" гэрэл зургийн уралдаан, аавдаа бичих захидал, шилдэг гэр бүлийг шалгаруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа билээ. 

Дээрх зөвлөлгөөний үеэр аз жаргалтай гэр бүлийн нууц, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, гэр бүлийн санхүүгийн хуримтлал бий болгох нь зэрэг чухал сэдвүүдээр ярилцах ажээ.

Д.Мишигсүрэн


相关新闻