“Говийн чоно-2017” туршлага солилцох сургалтаар үргэлжиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 01-05-ны хооронд болж байгаа “Говийн чоно-2017” туршлага солилцох сургалтаар үргэлжиллээ.
Сургалтын үеэр АНУ, БНСУ, Бангладеш улсууд гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах тэргүүн туршлагаа танилцууллаа. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан гал түймэр, техникийн осол аваар, мөн байгалийн хүчин зүйлс болох далайн хар шуурга, үер, хур тунадас их хэмжээгээр орох үеийн гамшгийг аль болох хор хохирол багатай даван туулах талаар туршлагаа солилцсон байна. Онцгой гамшгийн үед урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлага зохион байгуулалтын менежмент, эрэн хайх аврах ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламж, хүнс, хувцас хэрэглэлийн тусламжийг шат дараатай авч хэрэгжүүлэх нь тухайн гамшиг ослыг хохирол багатай даван туулах үндсэн арга барил гэдгийг улс орнууд онцолсон юм.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өмнөд бүсийн 6 аймгийн Онцгой байдлын газрын дарга, Засаг Даргын Тамгын Газрын дарга нартай уулзаж цаг үеийн байдлаар мэдээлэл хийхийн зэрэгцээ цаашид ажил үүргээ хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо.
Д.Мишигсүрэн