Тост багийн иргэд “Саудгобикоал транс” компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, \Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэдийн төлөөлөл нутгийн малчдын ундны эх үүсвэр нь Тост, Тосонбумбын нуруу бөгөөд уул уурхайгаас үүдэн хүнд байдалд шилжих нь хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын урд хэсэг бүхэлдээ уул уурхайн үйлдвэрлэлд нэрвэгдсэний улмаас нутгийн иргэд усгүйдэж байдал хүндэрсэн хэмээн тэд ярьж байна.
Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон, “2016 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, энэ оны гуравдугаар сард хилийн цэсийг тогтоосон. Тусгай хамгаалалтын хилийн цэсийг тогтоохдоо нүүрсний ордын ашиглалтын лицензтэй “Саудгобикоал транс” компанийн талбайг хамруулаагүйгээс болж бүс нутагт кэмп байгуулан техник хэрэгсэл ажиллуулан газар шорооны ажлыг явуулж буйтай нутгийн иргэд тэмцэж уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна. Өргөдлийн байнгын хороонд нутгийн иргэд болон “Гурвантэс эх нутаг”, “Тост” ТББ-аас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын лиценз эзэмшигч “Саудгобикоал транс” компанийн үйл ажиллагааг зогсоох нийт 802 өргөдлийг хүргүүллээ. Тост, Тосонбумбын нуруу нь ирвэс, аргаль, янгир зэрэг нэн ховор амьтдын өлгий болоод зогсохгүй баянбүрд бүхий усны эх үүсвэр, ховор эмийн ургамлын диваажин болсон нутаг учраас бид үүнийг эсэргүүцэж байна ” хэмээн ярив.
Харин Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэжид ярихдаа, “Дээрх ордод олборлолт явуулснаар Гурвантэс сумын нийт иргэдийн ундны усны эх үүсвэр, ан амьтан, ургамлыг тэжээх булаг шанд, баянбүрдийг сүйдээд зогсохгүй, говийн бүс нутгийн эко системд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрнэ. Тиймээс тус компанийн эзэмшиж буй талбай одоо ашиглалт явуулж буй дөрвөн нүүрсний уурхайтай тэнцэхүйц том талбайтай Хуршуутын голыг эвдэж сүйтгүүлэхгүйн төлөө бид үгээ хүргэхээр энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна. Тост багт булаг шанд, заг сухай, төрөл бүрийн эмийн ургамал ургадаг. Мөн сумын цорын ганц тариалангийн бүс нутаг учраас иргэд үүнд бухимдалтай байна" гэлээ.
Б.Заяа