"Эмчийн ажлын хишиг өдөр" зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-30 19:59:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ЗДТГазрын хамт олон эмнэлгийн байгууллагуудтай хамтран "Эмчийн ажлын хишиг өдөр"-ийг зохион байгууллаа.

Эмчийн ажлын нэг өдрийн ажлын үйл явцтай танилцах, ажлын ачаалал, ажил үүргийн хувиарыг олон нийтэд сурталчлах, ололттой тал, дутагдалтай тал дээр цаашид бодлого барьж хамтран ажиллахаар хишиг өдөр арга хэмжээг анх удаа санаачилсан ажээ.  Төрийн байгууллагын удирдлага, ажилтанууд уг өдрөөр ийнхүү эмч нартай хамтран хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогслоо.  Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн яаралтай түргэн тусламжийн тасаг, төрөх эмэгтэйчүүдийн тасаг, хүүхдийн тасаг, Шим билэг, Өнө-Орших, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв,  “Нинж ачлал”, “Цолмонзаяа”, “Хатан заяа” зэрэг хувийн эмнэлэг, 1, 4, 9 дүгээр цэцэрлэгийн эмч нартай хамтран ажилласан байна. 

Зарим өрхийн эрүүл мэндийн төвүүд шаардлага хангахгүй байранд үйлчилгээ үзүүлж байгаа, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмж хангалтгүй байсан байна. Мөн түргэн тусламжийн машины шинэчлэл, хүрэлцээ муу байсан бол цэцэрлэгүүдэд улиралдаа нэг удаа 25 мянган төгрөгийн эм бэлдмэл авахад нь зарцуулахаар төсөвлөсөн нь хүрдэггүй зэрэг асуудлууд байгаагаа эмч нар хэлсэн ажээ. Энэ байдлыг сумын ЗДТГазраас албан бичгээр аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэн асуудлуудыг шийдэх тал дээр хамтран ажиллах юм байна. Тухайн салбарынхан хувь хүнийхээ асуудлыг бус зөвхөн эрүүл мэндийн салбарынхаа асуудлыг ярьж байсан нь ажилдаа чин сэтгэлтэй байгааг илтгэж байна гэж дээрх өдөрлөгт оролцсон төрийн албан хаагчид үзжээ.

Д.Мишигсүрэн

相关新闻