Иргэдийг шар усны үер, гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд энэ жил цастай байгаа учраас он гарснаар нэгдүгээр улиралын байдлаар объектийн гал түймэр болон шар усны үерт автсан дуудлага гараагүй ч иргэдийг болзошгүй байгалийн эрсдлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхааруулж байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд хоёр удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн бол 2016 оны хэмжээнд объектийн гал түймэр 16 суманд 36 гал түймэр гарч 204.5 сая төгрөгийн хохирол учирч дөрвөн хүний амь нас эрстэж, нэг иргэн түлэгдсэн байна. Мөн өнгөрсөн онд Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр дөрөвдүгээр багийн нутагт шар усны үер бууснаар гурван айл усанд автаж байсан бол тавдугаар багийн урд хэсгийн мөн хоёр айл автаж байжээ.
Иймд болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Засаг даргын захирамжаар Төв аймгийн нийт 27 сумын хэмжээнд шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сумдын засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн байна. Энэ дагуу шар усны үер гарч болзошгүй байгаа газрын айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлж байна.
Цаашид иргэдэд сэрэмжлүүлэхэд, гудамж талбайгаар ил задгай ус урсаж байх үед хүмүүсийн ухсан нүх, хонхор мэдэгдэхгүй болсон байдаг. Иймд анхаарал болгоомжтой байхыг сануулж байхыг Төв аймаг Онцгой байдлын газар, сургалт сурталчилгаа урьдчилсан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэчулуун анхааруулсан юм.
Т.Есүхэйтөмөр