Мөс хуулж, алт олборлож байсныг зогсоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Сэлэнгэ аймагт Ерөө гол дээр алт угааж байна" гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулахад Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах Ерөө голын мөсийг техник ашиглан хуулж, цөмлөн ашигт малтмал олборлож байсан нь тогтоогджээ.
Бугант тосгоны харьяат иргэн Ш.Б, Б.Ө нар эксковатор ашиглан Ерөө голын мөсийг хуулан ухаж, гар аргаар үйлдвэрлэсэн алтны баяжмалтай шороо угаах төхөөрөмж ашиглан ашигт малтмал олборлолт явуулж байв. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг гаргаж шалгаад Бугант тосгоны байгаль орчны хяналтын улсын байцаагчийг оролцуулан хэргийн газрын үзлэг хийж, байгаль экологид учруулсан хохирлын үнэлгээг гаргуулахаар аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай хамтран мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Ж.Батсайхан