МУИС-ийн оюутнууд төсвөө нээлттэй хэлэлцүүлж төсөвлөхийг шаардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-13 16:04:25

МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөрөөс гадна бакалаврын түвшний оюутнууд суурь хураамжид 224 мянга, магистр, докторт суралцагсад 336 мянган төгрөгийг жилд төлдгийг эсэргүүцэж, Оюутны холбооноос удаа дараа сургуулийн захиргаандаа хандсан боловч одоог хүртэл бодитой хариу ирээгүй байна.

Тус сургуулийн хэмжээнд 22 мянган оюутан дээрх мөнгийг төлдөг гэж тооцвол  жилд 4-5 тэрбум төгрөг төвлөрдөг ч оюутнуудын сурах орчин сайжраагүйгээс үүдэн  мөнгө хурааж буй явдлыг эсэргүүцэж байгаагаа МУИС-ийн Оюутны холбооноос сэтгүүлчдэд мэдээллээ.

"Монгол ньюс” мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр МУИС-ийн оюутны холбоо, Оюутан конгрессын тэргүүн Б. Хосбаатар ярихдаа, “Сургуулийн захиргаанд суурь хураамжийн зарцуулалтын тайланг өгнө үү хэмээн удаа дараа шаардлага хүргүүлсэн ч захиргаа, аж ахуй, номын сан, мэдээллийн технологи, оюутны үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын цалинг санхүүжүүлэх зориулалттай хэмээн санхүүгийн ерөнхий зарцуулалтын тайлан өгсөн. Оюутан бидний төлөө хийсэн бодит зүйл байхгүй гэдгийг энэ тайлангаас харж болно. Сургуулийн төсөв төлөвлөгөөг гаргахдаа оюутнуудын саналыг тусгаж, суурь хураамжийг хэрхэн зарцуулах талаар танилцуулан, хэрхэн зарцуулснаа тайлагнах учиртай. Гэтэл сургуулийн төсөв шилэн бус байгаагаас үүдэн маш олон асуудал үүсч байна. Үр ашиггүй зардлыг танаж оюутнуудын ачаанаас хөнгөлөх зорилгоор  тэмцэж байна. Энэ бол 20 гаруй мянган оюутны асуудал юм. МУИС судалгааны их сургууль болохын тулд тохижилт, их засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авахдаа багш, оюутнууддаа танилцуулж  төсвөө хэлэлцүүлж байхыг  шаардаж байна” гэв.

Дээрх суурь хураамжийг 2011 оноос хойш авч  эхэлсэн бөгөөд оюутнуудын судалгаагаар 4 жил суралцах хугацаанд сургалтын төлбөрөөс гадна нэг оюутан  нэг сая 120 мянган төгрөг төлдөг байна. Тиймээс МУИС-ийн Оюутны холбоо уг суурь хураамжийг оюутнуудаас авахаа зогсоохыг шаардан жагссан. Үүний үр дүнд Үндэсний аудитын газраас суурь хураамжийн зарцуулалтыг нарийн тайлагнах, оюутнуудын тавьсан шаардлага санал хүсэлтийг  хүлээн авч хэрэгжүүлсний дараа суурь хураамж авах эсэхийг шийдэх ёстой гэсэн дүгнэлт  гаргажээ. Мөн төлбөрийг жилийн чөлөө авсан оюутнууд төлдөг байсныг жагсаж цугласны үр дүнд чөлөөлснийг оюутнууд онцлов.

МУИС-ийн Удирдах зөвлөлөөс өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд Ажлын хэсэг байгуулан суурь хураамжийн зарцуулалт, хэрэгцээгүй зардлыг танах боломжтой талаар судалж эхэлжээ. Хэрвээ тус ажлын хэсгийн дүгнэлт  бодитой бус гарвал оюутнууд үргэлжлүүлэн тэмцэнэ хэмээн мэдэгдлээ. 

Ийнхүү оюутнууд байр сууриа илэрхийлсэн бол сургуулийн зүгээс ийм тайлбар өгч байна.

 

Энэ асуудлаар МУИС-ийн Хэвлэлийн төлөөлөгч А.Пагмасүрэнгээс дараах асуултад хариулт авсан юм.

-Сургалтын төлбөрийг ямар үндэслэлээр тогтоодог вэ.  Оюутнууд төлбөр хэрхэн зарцуулсан талаарх задаргаа, тайлбарыг шилэн болгохыг шаардаж байна. Энэ тухай танай сургууль ямар байрь суурьтай байгаа вэ?

-Оюутны төлөх сургалтын төлбөрийн хэмжээг Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд заасны дагуу сургуулийн Удирдах зөвлөл тогтоодог. Суралцагчдын сургалтын төлбөр нь оюутанд зориулсан нийтлэг үйлчилгээний суурь төлбөр, сонгох хичээлийн багц цагийн төлбөрөөс бүрддэг. Нийтлэг үйлчилгээний суурь төлбөрийг захиргаа, аж ахуй, номын сан, мэдээллийн технологи, оюутны үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын санхүүжүүлэх зориулалттай.Харин багц цагийн төлбөр нь хичээл сургалттай холбоотой багш, сургалтын туслах болон техникийн ажилтны цалин хөлс, хичээл практик, дадлага, эрдэм шинжилгээний хурал семинар, оюутны болон багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, лабораторийн ашиглалт, сургалтын тоног төхөөрөмж, сургалтын тавилга эд хогшил, хичээллэх байр танхимын элэгдлийг нөхөх зэрэг зардалд зарцуулах үндсэн зориулалттай.

-Оюутнууд сургалтын төлбөрөөс гадна 224 мянган төгрөгийн суурь хураамж төлдөг. Үүнийг таван жил хурааж байгаа ч  яагаад оюутнуудад ил тод  болгоогүй юм бэ?

-МУИС хичээлийн жилийн тайлангаа шилэн дансны хуулиар цаг тухайд нь хөтлөн явуулж байгаа. Сургалтын төлбөр нь оюутанд зориулсан нийтлэг үйлчилгээний суурь төлбөр, сонгох хичээлийн багц цагийн төлбөрөөс бүрдэх шийдвэрийг МУИС-ийн Удирдах зөвлөл 2011 онд гаргасан.  Суурь төлбөрийн хэмжээг бакалаврын түвшний оюутны хувьд нэг хичээлийн жилд 200 мянган төгрөг байхаар тогтоосон. Харин суурь төлбөрийн хэмжээг 2016-2017 оны хичээлийн жилд 224 мянган төгрөг болгосон юм. 2016 оны суурь төлбөрөөр цуглуулсан орлого нь 3.3 тэрбум төгрөг болж байгаа. Харин оюутанд үйлчилгээ үзүүлж буй зардлын нийлбэр дүн 4.7 тэрбум төгрөгийн тооцоо гарсан.

-Оюутнууд суурь хураамж төлөөд байхад сурах орчин сайжрахгүй, наад зах нь интернэт ашиглах боломж хомс байна гэх юм. Энэ тухайд?

-МУИС нь хичээлийн урсгал засвар болон анги танхимын тохижилтыг жил бүрийн хавар  хийж байгаа. Утасгүй интернэт сүлжээний хувьд нэг хэрэглэгчид ногдож байгаа интернэтийн хурд, сүлжээ, интернэт серверийн үйлчилгээг сайжруулах талаар манай сургуулиас өөрийн вэб сайтад албан ёсны тайлбар гаргасан шүү дээ.

МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газартай хэлэлцэж, зөвшилцөх ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Эрдэнэчимгээр ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  МУИС-ийн Оюутны холбооны тэргүүн ажиллаж байгаа.  Тус ажлын хэсгийн дүгнэлтийг  үндэслэн МУИС-ийн Удирдах зөвлөл хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу суурь төлбөрийн асуудлаар шийдвэр гаргах юм.

Р.Хишигжаргал

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻