Докторын хөтөлбөрийг европын стандартад нийцүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛЕвропын Холбооны улсын ERASMUS хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй C3QA буюу “3 цикл чанарын баталгаажуулалтын системийг Европын жишигт нийцүүлэн ашиглах, олон улсын хэмжээнд дэмжих” төслийг 2016 оны хоёрдугаар сард зарласан билээ.
Тус төсөлд нийт долоон орны 21 байгууллага сонгогдсоноос Монгол Улсын БСШУСЯ, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл /БМИҮЗ/, МУИС, “Отгонтэнгэр” их сургууль шалгарлаа.
Армен улсын нийслэл Ереван хотод энэ сарын 3-нд болсон төслийн анхны уулзалтад Монгол, Франц, Испани, Польш, Казахстан, Армен, Украин улсын Боловсролын яам, магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл болон их сургуулиуд, Монгол Улсаас БСШУСЯ, БМИҮЗ, “Отгонтэнгэр” их сургууль, МУИС-ийн төсөл хэрэгжүүлэгч багийн төлөөлөл оролцов.
Уулзалтын үеэр оролцогч байгууллагуудтай танилцан, төслийн цаашдын үйл ажиллагаа, хэрэгжилт болон үр дүнгийн талаар хэлэлцсэн юм. Энэхүү төсөл нь Армен, Казахстан, Монгол, Украин улсад гурван цикл хөтөлбөр бүхий чанарын баталгаажуулалтын системийг нэвтрүүлэн, мэдлэгт суурилсан нийгэм бүтээхэд хувь нэмрээ оруулах, дээд боловсролын чанарыг сайжруулах, тэр дундаа докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг Европын стандартад нийцүүлэх зорилготой.
Тус төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. Энэ хугацаанд МУИС болон “Отгонтэнгэр” их сургууль докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг европын стандартад нийцүүлэн жишиг тогтооно гэж БСШУСЯ-наас мэдээллээ.