Н.Батсайхан: Архидалт агаарын бохирдлоос ч илүү аюул занал учруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬСархад гэх зовлонт хороос нийгмийг салгахаар зүтгэж сүүлийн дөрвөн жилд 5000 гаруй хүнийг архинаас гаргах ажлыг зохион байгуулж яваа "Архигүй Монгол" ТББ-ын соён гэгээрүүлэгч Н.Батсайхантай ярилцлаа.
-Хэзээнээс үйл ажиллагаагаа эхлэв ээ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ сүү өргөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үеэс хойш Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд “Архигүй монгол” гэдэг хороо байгуулж, бидний үйл ажиллагаа эхэлсэн. Энэ хугацаанд тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн, Аддиктологич Ж.Цогтсугартай хамтран Монгол Улсын бүх аймгаар явж сургалт хийсэн. Бид энэ сургалтаараа нийт 5000 гаруй хүнийг архинд донтох өвчнөөс салгаж, Цагаан сар, шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэх аяныг орон даяар өрнүүлсэн дээ.
-Таны хүмүүсийг архинаас гаргадаг сургалтын онцлог юу вэ?
-Хүмүүс архинаас салахын тулд бөө, ламд өргөл өргөл барьц барих, эсвэл эмнэлэгт хандаж бие эрхтэндээ гадны биет суулгах гэх мэт хичээж тэмцэж явдаг олон жишээг мэднээ.
Манай сургалтын онцлог бол хүний сэтгэл зүй, оюун санаа руу нь орж ажилладаг. Архидалт өнөөдөр нийгмийн бүлэг бүрийг хамарч, агаарын бохирдлоос ч илүү аюул занал учруулж байна. Саяхан таван хүн архинд хордож үхлээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас зүгээр нэг шил арчигч шингэн уугаад үхлээ гэж хэлээд орхиж болохгүй л дээ. Нийгэмд архины донтолт, түүнээс гарах хор уршгийг таниулан нийт хүмүүсийн хандлагыг өөрчлөхийг зорьж ажиллах хэрэгтэй.
Жилийн өмнө Булган аймгийн Дашинчилэн суманд намайг лекц уншиж байхад сумын “архаг архичин” согтуу орж ирсэн. Лекцийн дараа тэр эр “Намайг дахиад согтуу явахыг та нар харахгүй” хэмээн уйлж билээ. Одоо тэр архи уухгүй жил болсон, амьдрал ахуй нь цэгцэрч, өнгө зүс засаад сайхан явна. Мөн Хэнтий аймгийн олон ч сумаар явж лекц уншсан даа. Одоо тэр сумын архины хамааралтай иргэд архинаас татгалзаж, архи уусан ч олны нүднээс далд, ичиж зовдог болсон гэх мэт олон жишээ дурьдаж болно. Хэрвээ энэ маягаар төрийн байгууллагууд бидэнтэй хамтран зохион байгуулалттай ажиллавал олон хүнийг архины дон өвчнөөс салж чадна.
-Хүний биед спирт зайлшгүй хэрэгтэй, зохистой тааруулж хэрэглэвэл зүгээр гэсэн хандлага нийгэмд байдаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Ямар ч өндөр үнэтэй, гоё шилтэй архи химийн хорт бодис гэдгийг л нийгэмд гүн бат ойлгуулах хэрэгтэй. Хүн нэг удаа архи ууж тасрахад 20 мянга гаруй эд эс дахин сэргэхгүйгээр үхждэг. Энэ маягаар олон жил архи уусан хүний тархи үхжиж, хүн хэмээх мөн чанараа гээдэг. Манай улсын нийт насанд хүрэгчдийн 57.3 хувь архины хамааралтай гэсэн албан ёсны судалгаа бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн улс орны насанд хүрэгчдийн 8 хувь нь архины хамааралтай болвол Үндэсний аюулгүй байдалд аюул нүүрлэсэн хэмээн үзэж шуурхай арга хэмжээ авдаг. Манайх архины дотоодын үйлдвэрлэлээр жилд нэг хүнд 25 литр архи ногдож байна. Гэтэл манайд архины үйлдвэрлэлийг багасгах тухай хууль батлуулах гэж хичээсэн ч УИХ баталж өгдөггүй. УИХ, яам, агентлагийн сайд дарга нарт ч архины хамааралтай хүмүүс нэлээдгүй байдаг нь нууц биш. Бас тэдний бизнест нөлөөлөх учраас. Ер нь архидалт нийгмийн бүх давхаргыг хамарсан.
-Архины хэрэглээг багасгахын тулд нэн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ? Сая хэд хоног архи зарж борлуулахыг хориглоход согтуу жолооч, согтуугаар гэмтсэн хүн, цагдаагийн дуудлага эрс багассан дүн мэдээ гарч байсан?
-Архийг хорьж болно. Гэхдээ хүн өөрийн ухамсраар архинаас татгалзахгүй бол архинаас гарч чаддаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Би өөрөө архинд донтож байсан. Архины донгоос болж би амьдралаа алдах дөхсөн учраас тэр хүмүүсийн зовлонг сайн мэднэ. Тиймээс архины хор хөнөөлийн үнэнийг ойлгуулахад надад илүү хялбар байдаг. Архидалтыг зогсоохын тулд нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх хэрэгтэй. Би энд бас нэг зүйлийг бүр хэлье гэж боддог. Талх үйлдвэрлэдэг хүнийг бид талхчин гэдэг. Манайхан архи уудаг хүнийг л "архичин" гэж нэрлээд байгаа.
Зүйд бол архи үйлдвэрлэдэг хүнийг "архичин" гэж нэрлэх ёстой атал бид үндэсний үйлдвэрлэгч гэж цоллоод байдаг. Энэ хандлагыг л хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй.
Архи уудаг хүнийг “Архич” гэж нэрлэх нь зөв хэмээн Б.Ренчин гуай хэлсэн байдаг.
-Архич хүний үр удам цаашдаа архинд донтох магадлал хэр их вэ, цусаар дамжаад удамшдаг тал байна уу?
Архины хамааралтай хүний үр удам архинд донтохдоо илүү амархан байдаг. Эцэг, эхчүүд гол нь хүүхдийнхээ хажууд архи уухыг хэвийн үзэгдэл мэт харагдуулж болохгүй.
Монголчуудын нэг буруу хандлага байна баярыг архи гэж хараад байдаг. Баярын ширээний голд тэр ч бүү хэл бурхан тахил дээрээ хүртэл архи тавьдаг. Архи уудаг бурхан гэж хаана ч байхгүй шүү дээ.
М.Аминаа
Ж.Батсайхан