Сумдын удирдлагуудад арга зүйн сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-16 13:04:18

Өмнөговь аймгийн 15 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг арга зүйн сургалтад хамрууллаа. 

Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулсан уг сургалтаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, харилцаа хандлагын тухай, төсвийн төлөвлөлт анхаарах асуудал, санхүүгийн мэдээ тайлан гаргалт, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт зарцуулалт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг чухал сэдвийн хүрээнд холбогдох албаны хүмүүс сургалт явуулсан байна.

Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар 15 сумын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Үр дүнгийн гэрээний хүрээнд Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлж, холбогдох хэлтэс агентлагуудтай хамтран ажиллахаар болсон байна.

Аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, хүн ардын сайн сайхны төлөө шат шатны удирдлагын түвшинд төрийн бодлогыг хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллана гэдгээ тэд илэрхийлж байна. Мөн цаашлаад аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, 5000 ажлын байрыг бий болгохдоо “тогтвортой” ажлын байрыг бий болгох, монгол улсын үнэт баялаг мал сүргээ эрүүлжүүлэх зэрэг нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэхээ онцоллоо.

Д.Мишигсүрэн

相关新闻