"Ту-154" онгоцонд сууж явсан 92 хүн бүгд амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-12-26 08:39:30

МОСКВА. /TASS/. Хар тэнгист осолдсон Оросын армийн нисэх онгоцонд сууж явсан 92 хүн бүгд амиа алджээ. 

Энэ нисэх онгоц орон нутгийн цагаар ням гарагийн үүрийн 05:25 цагт Сочи хотоос Сирийн Латакия хотыг чиглэн хөөрснөөс хоёр минутын дараа радарын дэлгэцнээс алга болсон гэж ОХУ-ын БХЯ мэдэгдэв.

Одоогоор 11 хүний цогцсыг олоод байна. 

“Ту-154” нисэх онгоцонд цэргүүд, сэтгүүлчид болон Оросын армийн Александр Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид сууж явсан юм. Тэд Сирид байгаа Оросын цэргүүдэд зориулан тоглолт хийхээр явж байжээ.

Оросын БХЯ-ны мэдэгдсэнээр, ослын газарт эрэн хайх ажиллагаа 24 цагийн турш үргэлжилж байгаа бөгөөд ажиллагаанд 100 гаруй шумбагчид оролцож байна.

Осол болоход хүргэсэн байж болох бүх шалтгаан, тухайлбал террорист халдлагад өртсөн эсэхийг мөрдөн шинжээчид тогтоохоор ажиллаж байна гэж тус улсын Тээврийн яам мэдэгдлээ.

Гэхдээ террорист халдлагад өртсөн байх магадлал тун бага гэж Оросын албаны хүн өмнө нь хэлж байсан юм.

Даваа гарагт буюу өнөөдөр улс орон даяар гашуудал зарлах тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгдсэн.

“Ту-154” нисэх онгоц анх Москвагаас хөөрсөн бөгөөд түлшээр дахин цэнэглэхийн тулд Сочигийн олон улсын нисэх онгоцны буудалд газардсан ажээ.

БХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотоос 1.5 км-ийн зайд орших газарт, 50-70 м-ийн гүнээс “Ту-154” онгоцны хэсгүүд олдсон байна.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч-генерал Игорь Конашенков хэлэхдээ “харамсалтай нь, нэг ч хүн амьд үлдээгүй бололтой” гэв.

Түүний хэлснээр, энэ онгоцонд хамгийн сүүлд энэ оны есдүгээр сард завсар хийсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сард бүрэн засвар хийж байжээ. Онгоцыг “туршлагатай” нисгэгч жолоодож явсан байна.

Александровын нэрэмжит цэргийн дуу бүжгийн чуулга

  • Александровын чуулга  нь ОХУ-ын зэвсэгт хүчний найрал дууны чуулга юм.
  • Тус чуулга 1928-нд байгуулагджээ.
  • ЗХУ-ын төрийн дууллын аяыг зохиосон Александр Васильевич Александров тус чуулгын анхны захирал байсан бөгөөд чуулгыг түүний нэрэмжит болгожээ.

Г.Доржханд

 

 

相关新闻