СЭЛЭНГЭ: Алба хаагчид дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх арга зүйд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-19 09:47:29

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Биеийн тамир, спортын газар болон 17 сум, 6 тосгоны албан хаагчид мэргэших сургалтад хамрагдаж байна.

 

Сургалтын гол зорилго нь хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулахад чиглэжээ.

 

Тус сургалтад хамрагдсанаар "Хяналт-шинжилгээ хийх журам", "Үнэлгээ хийх журам", "Байгууллагын үйл ажиллагаа", үр дүнг үнэлж, дүгнэх журам"-ыг хэрэгжүүлэх мэдлэг, хяналт-шинжилгээ, дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх арга зүйг эзэмших юм.

 

Сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас зохион байгуулж байгаа ба тус яамны ХШҮДАГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, ахлах мэргэжилтэн П.Оюунтуяа, О.Болормаа, шинжээч Г.Шүрэндолгор, Сэлэнгэ аймгийн БТСГ-ын дарга У.Батмөнх нар удирдан явуулж байна.

 

Энэхүү мэргэшүүлэх 8 цагийн танхимын сургалтад хамрагдсан албан хаагчид багт хуваагдаж, 10 гаруй дасгал ажлыг практик арга барилаар ажиллана. Мөн өгөгдсөн кейст хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх арга зүйгээр тайлагнан сургалтын төгсгөлд сертификат гардан авах юм.

相关新闻