СЭЛЭНГЭ: Аялал жуулчлалын чухал цэг Амарбаясгалант хийд

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-08 12:35:02

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын чухал цэгийн нэг бол Амарбаясгалант хийд. Уг хийдийг Дархан-Эрдэнэтийн төв замтай холбох авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

 

Улсын  төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа 33.4 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа.

 

Амарбаясгалант хийд нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дахь Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд байдаг. Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж, улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ.

 

1726 онд Монголын олон уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж тоосго модоор барьж 1737 онд дуусгасан байна. Амарбаясгалант гэдэг нэр нь Монгол нэр бөгөөд анх энэ хийдийг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа одоо тус хийдийн байгаа газарт эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай тааралдсан байдаг. Тэр 2 хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байжээ.

 

Амарбаясгалант хийдэд сургалтын 10 дацан ажиллаж, хурал ном хурж ид цэцэглэж байхдаа 50 гаруй дугантай, 6000 гаруй лам хуврагтай шашны их орон байсан байна. Бурхан багшийн сүм, Аюуш, Махгал, Майдар, Нархажидын сүм, Богд гэгээний ордон, Өндөр гэгээний бунхан зэрэг 40 гаруй сүм дуганыг 175 х 207 метр хэрмэн хашаан дотор барьснаас одоо 28 сүм дуган л үлдсэн байна.

 

1937-1938 оны хэлмэгдүүлэлт хийдийг нөмөрч олон зуун лам нар нь хэлмэгдэн 200 гаруй жилийн турш хуримтлуулж цогцлоосон ховор нандин бурхан шүтээн, судар бүтээлүүд нь дахин сэргээх боломжгүйгээр устгагджээ. Хожим 1943 онд Амарбаясгалант хийдийг улсын хамгаалалтанд авч сэргээн засварлажээ.

 

Одоо тус хийдэд Янпай хаалга, Махранзын сүм, Түүхийн сүм, Сангийн бойпор, Монгол уран барилгын цогц бүтээл болох Цогчин дуган, Лаврин сүм, Монголын гал голомт хэмээгддэг Шар өргөө зэрэг байшин барилгууд бий. Тус хийдэд Өндөр гэгээн Занабазарын бүддэн, мөн III, IY Богдын шарилыг хадгалж байсан гэдэг.  

 

Амарбаясгалант хийдэд бас нэг чухал дурсгал болох Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийн Монгол эх хадгалагддаг. Эдгээр Монгол эхийг 1628 онд бүтээсэн бөгөөд эртний гүн ухаан, анагаах ухаан, газарзүй, урлаг судлал, дуу хөгжим, одон орон зэргийг агуулсан 1260 гаруй бүлэгтэй байдаг. 

 

Цогчин дуган нь 32 х 32 метр хэмжээ бүхий талбайтай,  2 давхар барилга бөгөөд ур хийц, гоёл чимэглэлийн хувьд Монголд төдийгүй Азид хосгүй гоёмсог уран барилга юм. Дуганд байх 4 том гол багана нь голоороо ховилтойгоор хийгдсэн байдаг нь дээвэр дээрхи бороо цасны усыг гадагш зайлуулах үүрэгтэй аж. Тус хийдийг барьж байгуулахад оролцсон уран дархчуулд манжийн Энх-Амгалан хааны зарлигаар “Билигт дархан”, “Хэтэрхий зоригт дархан”, “Нягт хичээнгүй мужаан”, “Хурц дархан”, “Гоц уран”, “Арга билэгт мужаан”, “Ачит дархан” зэрэг цолыг тус тус олгож, лан мөнгө, хонь мал зэргээр урамшуулжээ.

 

Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих зан үйлийг хавар, намрын улиралд тогтмол хийдэг.

 

Гонгорын бумбын хурлыг жил бүрийн 6, 8 дугаар сард хийх бөгөөд Бумбыг зөвхөн тус хийдэд бүтээж маш нарийн дэг жаягаар аравнайлдаг байна. Есөн эрдэнэ, ховор эмийн ургамал, арц хүж, цай гээд нарийн нандин зүйлс ордог. Бүтээлгэсэн хүн нь бумбаа жилд нэг удаа тахиулдаг бөгөөд хир буртаг оруулахгүй, хамаагүй хөдөлгөж эдэлдэггүй байна.

 

Дахин тахиулахдаа энэ хийд дээр авчирч тахиулдаг. Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас цэвэр цагаан мөнгөөр бүтээлгэх нь их байдаг. Гонгорын бумбыг “баяжихын бумба” гэдэг. Бумбыг бүтээлгэснээр буян хишиг арвижиж, эд хөрөнгөөр элбэг дэлбэг болдог гэдэг.