Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг энэ сард дүгнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-22 15:50:40

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.


Ерөнхий сайд “Нийгмийн шударга ёс бол уриа лоозон биш. Бодит ажил болгохын тулд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, эрх ашгийг нь хамгаалахын төлөө гурван талт механизмыг бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлж ажиллах нь чухал. Гурван талт хэлэлцээрийг тодотгон сануулахын учир нь ажил олгогч, ажиллагчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлагдсан мөнгө хулгайд алдагдсан явдал. Хариуцлагагүй, хяналтгүй ажилласан энэ мэт жишээ олон учраас цаашид түншлэл төдий байгаа гурван талт хэлэлцээрийг шинэчлэн хэрэгжүүлнэ гэлээ.


Гурван талт хэлэлцээрийг хяналттай, хариуцлагатай хэрэгжүүлэх иргэд, Үйлдвэрчний эвлэлийн оролцоо бүхий авлигатай тэмцэх зөвлөл байх шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн гар хүндрүүлэхгүй бол ажил явдаггүй, даргын үзэмжээр хэн нэгнийг шагнадаг, улстөржсөн, хуучинсаг байдлыг төрийн албанаас халах цаг нь болсныг дурдаад, нэн түрүүнд шударга хөдөлмөрлөж, хичээн зүтгэж байгаа ажилтны ажлын үр дүнг үнэлгээний баг үнэлэн, гүйцэтгэлээр нь урамшуулж, цалинжуулдаг байх, төрийн албаны аттестатчиллыг МҮЭХ, Төрийн албаны зөвлөлтэй хамтарч хэрэгжүүлэх санал тавьжээ. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн энэ сарын 30-наас өмнө танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.


Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир 2013 онд гарсан Засгийн газрын 370 дугаар тогтоолыг /Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай/ шинэчлэх, яам, агентлаг болон бүх шатны Засаг дарга нарын түвшинд энэ тогтоолыг хэрэгжүүлэх албан даалгавар өгөхийг хүсье. Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн ажиллах, санал хүлээж авах, маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох бодит шаардлага байна” хэмээжээ.


Тэрбээр цааш нь ярихдаа, “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, холбогдох хуулиудыг эргэн харж, зарим зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийг анхаарч, эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, дарамт хүчирхийллийг устгах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцод  нэгдэх  зэрэг асуудлыг уламжилж, Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчлэлд манлайлж оролцоно” гэв.





相关新闻