ЗАВХАН: "Вансэмбэрүү" брэндийг бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-15 14:30:40

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн бизнес эрхлэгч залуучууд нэгдэж "Вансэмбэрүү" нэртэй брэндийг бий болгожээ.


Тухайлбал дэлхийн шаазангийн нийслэлд “будаатай шаазан”-гийн технологиор, нэг бүрчлэн гар аргаар бүтээсэн шаазан аягыг худалдаанд гаргажээ.


"Вансэмбэрүү" брэндийн “Отгонтэнгэр” дээд зэргийн шаазан аяга нь дээрээ 7 бурхан одыг залсан Отгонтэнгэр уулын дүрслэлтэй. Завхан нутагт ирсэн зочид, найз нөхөд хамт олон гэр бүлийнхэндээ зориулж бэлэглэхэд тохиромжтой. Уламжлалт хээ угалз бүхий хайрцаг, савлагаатай юм.


Аяганы эскиз зургийг анх 2016 онд Отгонтэнгэр ууланд аялж явахдаа хайрхны чанх дээр нь 7 бурхан од мэлтийж, хайрхны мөнх цас, сарны гэрэлд гялалзаад гайхалтай харагдаж байжээ. Энэхүү дүрслэлийг гэрэл зурагт буулгаад, ямар нэгэн бүтээл бий болгох сон гэсэн мөрөөдөлтэй явж байгаад "Вансэмбэрүү" брэндийг бий болгосон байна.


Монгол түмний шүтээн Отгонтэнгэр хайрхнаа азын долоон бурхан одтой хамт дүрсэлж, ариун идээ ундаа бүхнийг биедээ хүртээхийг бэлгэдэн энэхүү цайны аягыг бүтээсэн. Бидний хэсэг нөхөд "Вансэмбэрүү" брэндээрээ орон нутгийнхаа онцлогийг шингээсэн олон бүтээгдэхүүнийг бий болгохоор зорьж байна.


Бэлэг бэлгийн дээд хадаг, хонины ноосон алчуур, мөнгөөр хийсэн бэлэг дурсгалын зүйлс, аксессурыг гаргах юм. Мөн орон нутгийнхаа хоолны уламжлалт технологийг шингээсэн аяллын оройн сэт хоолыг гаргахаар бэлтгэж байна.


Завхан сайхан нутаг минь үзэсгэлэнт байгальтай, түүхийн болон нутгийн онцлог өв соёл ихтэй. Тиймээс эдгээр олон өв соёлыг шингээсэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг үйлдвэрлэж, олон нийтэд таниулах нь бидний үүрэг гэж боддог. "Вансэмбэрүү" брэндийн бүтээгдэхүүн бүр өв соёл, уламжлал түүхээ шингээсэн байх болно гэж бизнесмен Э.Балжинням хэллээ.


"Вансэмбэрүү" брэндийг Завхан аймгийн төв, Улиастай сумын Улиастай, Загасан нүд буудал болон Загастай органик дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм.


Тус брэндийн тухай  дэлгэрэнгүй мэдээллийг 80808099 утсаар лавлах боломжтой. 


Сонирхуулахад эх дэлхийн эхний хуурай газар, Монголчуудын заяа буяныг ерөөсөн Отгонтэнгэр хайрханд Очирваань бурхан сахиус болон заларсан хэмээн нутгийнхан бэлгэшээдэг түүхтэй. Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт байдаг Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга ирэх 2026 онд болно.


Тахилгын ёслолын өмнөх орой нь долоон бурхан одны тахилгыг зохион байгуулж, сүсэгтэн олон залбирал, мөргөл үйлдсэний дараа туульч Хангайн магтаал болон Отгонтэнгэр хайрхан уулын магтаал хайлдаг. Хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолыг “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурж тахидаг уламжлалтай. 


 

              2021 оны   Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байв

 

Уламжлалт хээ угалз бүхий чимэглэлтэй





相关新闻