ЗАВХАН: Наадмын сурын харвааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-11 16:40:51

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн баяр наадамд 120 орчим харваач цэц мэргэнээ сорилоо. Энэ жил харваачид мэргэн байж олон харваач цол нэмлээ.


Эрийн гурван наадмын нэгэн төрөл сурын харваа нь халх, буриад, урианхай сур харваа гэсэн гурван төрөлтэй. Эдгээр гурван төрлөөр Завханы харваачид онч мэргэн байж улсдаа алдар суугаа өргүүлсэн олон амжилтыг үзүүлсэн.


Улсын мэргэн, улсын цол чимэгтэй олон харваачаараа алдартай тус нутаг харваачдыг дэмжих, улирал бүр сурын харвааны олон төрлийн уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг болсноор шинэ залуу харваачид олноор төрж буй нь бахархам юм.


Завхан аймгийн баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нутаг нутгийн харваачид цэц мэргэнээ сорьсон нь онцлог байв. Улаанбаатар хот, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Увс, Архангай аймгийн 120 шахам харваач цэц мэргэнээ сорилоо. Өсвөрийн сурын харваа төрөлд 70 орчим харваач оролцлоо. Жил бүр өсвөрийн харваачдын тоо, онч мэргэн ур чадвар нэмэгдэж байгаа нь сайшаалтай гэж Завхан аймгийн баяр наадмыг зохион байгуулах сур харвааны комиссоос мэдээлэв.


Эрэгтэй харваа төрөлд:

Цагаанхайрхан сумын харьяат, аймгийн гоц харваач, спортын мастер Б.Адъяа 40 сумнаас 34 онож тэргүүн байр эзэлж аймгийн мэргэн цол хүртлээ. Удаах байрыг Эрдэнэхайрхан сумын харьяат, ЗХ-ний 325 дугаар ангийн харваач, спортын мастер У.Дашдэмбэрэл 40 сумнаас 34 онож, аймгийн гарамгай харваач цолыг хүртэв. 


Их-Уул сумын харьяат, Чандмань клуб, Нийслэлийн 130 дугаар сургуулийн харваач, спортын дэд мастер Ч.Баянтөр 40 сумнаас 32 онож гуравдугаар байрыг эзэлж аймгийн гоц харваач цолыг хүртсэн байна.

Тосонцэнгэл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Есүхэй мэргэн” клубын харьяат, сумын мэргэн Б.Доржпүрэв 40 сумнаас 32 онож дөрөвдүгээр байр, аймгийн онч харваач цолыг хүртэв. Улиастай сумын харьяат, Улиастай цэргийн хүрээний цэргийн цагдаа, сумын мэргэн Т.Нямхүү 40 сумнаас 32 онож тавдугаар байр, аймгийн тод харваач цолыг тус тус хүртлээ.


Эмэгтэй харваа төрөлд:

Тэлмэн сумын харьяат, Төрийн банк, “Домогт мэргэн” клубийн харваач, аймгийн гарамгай харваач Т.Үүрийнцолмон 40 сумнаас 33 онож тэргүүн байрыг эзлэн аймгийн мэргэн цол хүртлээ.


Тэлмэн сумын “Домогт мэргэн” клуб, аймгийн мэргэн, спортын мастер Б.Шүрэнцэцэг 40 сумнаас 32 онож дэд байр, Цагаанчулуут сумын уугуул, Дөрвөлжин сумын харьяат, “Жавхлант мэргэний өлгий” клубын харваач, спортын мастер Х.Алтансувд 40 сумнаас 32 онож гуравдугаар байрыг эзэлж аймгийн гоц харваач цол хүртлээ.


Дөрвөлжин сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Есүхэй мэргэн” клубийн харваач, спортын мастер Ч.Ариунболор 40 сумнаас 32 онож дөрөвдүгээр байр, Тэлмэн сумын харьяат, “Домогт мэргэн” клуб, “Тэс петролиум” ХХК-ийн харваач, аймгийн тод харваач Н.Мөнхзолбоо 40 сумнаас 32 онож тавдугаар байрыг тус тус эзэлсэн байна. 

Баяр наадмын мэргэн харваачдын шагналыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон

аймгийн удирдлагууд гардуулан өглөө

Баяр наадмын мэргэн харваачдын шагналыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон

аймгийн удирдлагууд гардуулан өглөө

Энэ жилийн баяр наадмын мэргэн харваачид

相关新闻