ХӨВСГӨЛ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноос хойш орон нутгийн анхны томилолтоо төрсөн нутаг Хөвсгөл аймгаасаа эхлүүлж, яамны харьяа агентлаг, байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас хууль зүйн салбарт баримталж буй бодлого шийдвэр, алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж буй гол ажлуудыг танилцуулж, орон нутагт ажиллаж амьдарч буй салбарынхныхаа санал бодлыг сонслоо.
Хөвсгөл аймаг ОХУ-тай хиллэдэг 8 аймгийн нэг, 9 суманд 11 заставын алба хаагчид дархан хилээ хамгаалж байна.
Хилийн цэргийн 0257 дугаар ангид, хил хамтран шалгах ажиллагаанд ашиглах “Азимут” газар уснаа явагч, дрон 4 ширхэг Гадаадын иргэн харьяатын газарт Сузуки Жимни маркийн автомашин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ниссан Патрол маркийн автомашины батламжийн хамт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Мөн аймгийн Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэст нэн шаардлагатай байсан мэргэжлийн багаж, тоног төхөөрөмжийг гардууллаа.
“Монгол Улсын өнцөг булан бүрт хил хязгаараа манаж, иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдралыг хангахын төлөө хичээн зүтгэж буй Хууль зүй дотоод хэргийн салбарт ажиллаж буй алба хаагч, ажилтнуудынхаа ажиллах орчин, нийгмийн хамгааллыг сайжруулахын төлөө хичээн ажиллах болно” гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л. Мөнхбаатар хэллээ.