Монголын эдийн засгийн чуулган эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын Эдийн засгийн чуулган-2025 “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор өнөөдөр эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдэл гаргах зорилгоор 2010 оноос хойш зохион байгуулж байна.
Жил бүр өөр өөр уриан дор болдог тус чуулган 2022 онд "Шинэ сэргэлтийн бодлого", өнгөрсөн онд “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум” нэртэй зохион байгуулагдаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын хуваарилалт, төсвийн үр ашигтай байдлын талаар хэлэлцэж байсан юм. Энэ жилийн хувьд "Маргаашийн төлөө" хамтдаа уриан дор хот төлөвлөлт, хотын эдийн засаг, олон улсаас хөрөнгө оруулалт татах нь, шинэ боломж ба эрсдэл, чухал ашигт малтмал, нийлүүлэлтийн гинжин хэлхээ зэрэг сэдвийг онцолж, илтгэл хэлэлцүүлнэ.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөл гурван мянга гаруй хүн оролцож буй энэхүү хурлаар эдийн засгийн уналтаас урьдчилан сэргийлэх, олон улсын худалдаанд орох өөрчлөлт, хөрөнгө оруулалтыг дэмжих болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах зэрэг асуултад хариулт авах боломжтой хэмээн зохион байгуулагчид онцлов.
Хурлыг нээж, Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэнд Засгийн газраас барьж буй бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын мега төслүүдийн явцыг нэг бүрчлэн танилцуулж, болон богино, дунд хугацаанд ямар ажлыг хийхээр төлөвлөж буй болон ирэх 5 жилийн хуацаанд эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж буй талаараа дурдав.
Тэрбээр “Манай
улс эдийн засгаа төрөлжүүлж, ирэх 10 жилийн дотор ДНБ-ийг хоёр дахин өсгөхөөр
төлөвлөж байна. Бид байгалийн
баялгаараа дэлхийд эхний 10-т, газар нутгийн хэмжээгээрээ 17-д багтдаг. Мөн
газрын ховор элемент ихтэй орон. Цаашид
нээлттэй харилцан үр ашигтай, итгэлцэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжиж, уул
уурхайн зөв бодлогыг хэрэгжүүлэх боломжтой. Нөгөөтээгүүр хөрөнгө оруулагчаа урьчихаад урдаггүй,
залчихаад заамддаггүй улс орон байх ёстой. Тэд манай улсыг хөрөнгө оруулагчдад ээлтэй улс гэж
өөрсдөө хэлдэг болсон цагт бизнесийн эрүүл орчин бүрдэнэ. Шинэ засгийн газар уул
уурхайгаас гадна хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалыг
хөгжүүлэхэд онцгойлон анхаарна. Мөн аж ахуй нэгж, иргэдэд шуурхай ил тод
үйлчилгээ үзүүлэхийн тулд цахим шилжилтийг хийнэ" хэмээсэн юм.
ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар
ярихдаа, Салбарын яамнаас хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, бизнесийн орчинг
таатай болгох эдийн засаг болон экспортыг төрөлжүүлэх чиглэлээр тодорхой ажил
хийж байна. Тухайлбал, эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор Япон болон ЕАЭЗХ-той
гадаад худалдааны хэлэлцээ хийгээд байна. Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэлдээ
цаашдаа хөрөнгө оруулалт хийхдээ төр болон хувийн хэвшил түншлэл байдлаар явуулна. Томоохон уул уурхайн болон уул уурхайн бус төсөл хөтөлбөрүүдийг хувийн
хэвшлийн хөрөнгө оруулалтад түшиглэж хэрэгжүүлье гэсэн санал гаргасан. Энэ нь Засгийн
газраас барьж ирсэн бодлого хэвээр үргэлжилнэ гэсэн дохио гэж үзэж байна. Засгийн
газраас гаргасан 100 хоногийн ажлын даалгаварт бизнесийн орчин, ялангуяа
хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хуулиудыг өргөн барих тухай тусгасан. Үүнд, хөрөнгө
оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл, худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай, ногоон
санхүүжилт татах хууль зэрэг бизнесийн орчинд эерэг нөлөө авч ирэх хуулийг
багцаар нь өргөн барих гээд боловсруулах ажил хийж байна” гэв.
Монголын эдийн засгийн чуулган "Тогтвортой хөгжил ба шинэ эдийн засаг", Дижитал эрин, хиймэл оюун ба дата дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний асуудал ба шийдэл" сэдвээр маргааш үргэлжилнэ.