Засгийн газраас 100 хоногт хэрэгжүүлэх зарим ажилд иргэдээс санал авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-08 11:05:43

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Уг хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим ажлын тухай” албан даалгавар юм.


Албан даалгаврын төслийг өчигдрийн хуралдаанд танилцуулсан бөгөөд боловсруулахдаа салбарын яамд, зарим мэргэжлийн төлөөлөл, судлаачдын санал болон Засгийн газрын гишүүдэд салбар тус бүрд тулгамдаж байгаа, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг тусгажээ.


Ингэхдээ зарим ажлыг хэрэгжүүлэхдээ ард иргэдээс санал авахаар болсон байна. Тухайлбал, бүх шатанд чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтцээр ажиллах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдүүдтэй хувьцааны хувь хэмжээг тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, анхан шатны хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, малчин хоршоологчид, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран дундын хоршоо байгуулах, нийтэд хүлээлт үүсгэсэн авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллах зэргийг тусгасан аж.


Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим ажлын тухай” албан даалгаварт ард иргэдээс санал авч, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлыг энэ 100 хоногт хийж хэрэгжүүлэх төсөлд тусгахыг үүрэг болгожээ.

相关新闻