ХӨВСГӨЛ: Дархадын урлаг соёлын наадамд Улаан-Уул сумын авьяастнууд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-03 14:21:04

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 3 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд дархад, цаатан угсаатны дуу хуур, уламжлалт өв соёлыг сэргээх, хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Дархадын урлаг соёлын наадам” боллоо.


Тус наадамд Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын 70 гаруй өвлөн уламжлагчид оролцож авьяас чадвараараа өрсөлдлөө.


Наадам дархад бэсрэг уртын дуу, дархад харилцаа дуу, дархад ардын дуу, ардын эзэнтэй хошин шог дуу, мартагдсан ардын дуу, язгуур урлаг, хамтлаг бүжиг гэсэн төрлүүдээр болж нийлбэр дүнгээр Улаан-Уул сум тэргүүлж, Цагааннуур сум дэд байрт шалгарлаа.





Дархад дуу нь зөвхөн дархад ястны төдийгүй Хөвсгөл аймгийн хэмжээнд түгэн дэлгэрч өргөн дуулагддаг байжээ.


Эрдэмтэн судлаачдын судалж бүртгэснээр 700 орчим дархад дуу байна гэж үздэг боловч сүүлийн үед 40-50 орчим дууг л иргэд дуулдаг байна. 


Дархад дууны ая нь ганган, үг нь оновчтой, цэц сайтай онцлог нь хөг аялгадаа байдаг ажээ.

 

 

相关新闻