“Улаанбаатарын үдэш-2025” тоглолтод 70 гаруй уран бүтээлч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш- 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа энэ сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэхээр бэлтгэж байгаа аж.
Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд хөтөлбөр,
найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа юм. Тоглолтын эхний хэсэгт монгол
үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай
хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтжээ. Харин хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит
дуунуудаас толилуулна.