Д.Лүндээжанцан: Гадаадынхан Өндөр гэгээний өв соёл, мөнхийн бүтээлийг судалж дэлхийд гаргаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-01 16:00:38

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулж буй “Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв соёл-390” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ.


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2024 оны арванхоёрдугаар сард Монголын төр нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг энэ онд  тэмдэглэхээр тогтсон билээ.

 

Энэ тухай УИХ-ын гишүүн асан, шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан хэлэхдээ, “Занабазарын талаарх судалгаа нь 1995 оноос хойш харьцангуй идэвхжсэн. Гадаадынхан Өндөр гэгээний өв соёл, мөнхийн бүтээлийг судалж, дэлхий дахинд гаргаж байна. Ялангуяа өсвөр үеийнхэн, хүүхэд залуучууд түүхийн цагаан толбыг арилгаж, үнэнээр нь сурталчилж, энэ хүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Монголын шашны тэргүүн, эв нэгдлийг эрхэмлэгч том философийг бий болгосон. Үүний тод жишээ нь соёмбо үсэг. Өндөр гэгээнийхээ тэгш түмэн өлзий гийсэн тэгш ойгоор монголчууд эвтэй найртай, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, шударга байхыг номлож буй юм” гэв.

 

“Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун, “Дэлхийн дахины түүхэнд нэр алдраа мөнхөлсөн Монгол Улсын Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын 390 жилийг ойг тэмдэглэх хүрээнд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэ удаагийн хурал сүүлийн 10 жилд Өндөр гэгээн судлалын хамгийн оргил үе нь байсан. Өндөр гэгээн Занабазарын хувьд шашин ном, улс төрийн хувьд ч Оросын эзэнт улстай эрх тэгш зиндаанд харилцаатай байхыг чухалчилж байсан. Оросоос түүнийг хязгаар нутгийн нэгэн хутагт гэсэн байр суурь үргэлж илэрхийлж байсан. Өндөр гэгээний өвийг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажил нь энэхүү судалгааны үр дүн болно. Өндөр гэгээний уран бүтээлийн ордон Сарьдагийн хийдийг долоон жил малтсан. Малтлага судалгааны үр дүнг олон улсын эрдэмтэд танилцуулж байгаа. Сарьдагийн хийдэд долоон метр, 40 см өндөртэй шавар бурхныг бүтээж байсан. Өндөр гэгээний 400 жилийн тэгш ой болоход музейг байгуулах, ЮНЕСКО-д өвийг нь бүртгүүлэх, түүний эв нэгдэл, сайн сайхныг бэлгэдэж зохиосон ерөөл Жанлавцогзолыг Монгол үндэстнээрээ бүгд уншиж, мэддэг байх хэрэгтэй. Жанлавцогзол бол маани биш сайн сайхныг бэлгэдсэн ерөөл” гэв.  


Хуралд энэ чиглэлээр судалгаа хийдэг ОХУ, АНУ, Польш, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс , БНХАУ, Унгар, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэд оролцож байгаа бол цахимаар хэд хэдэн орны эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнууд 200 гаруй төлөөлөл оролцож байгаа аж. Хурал энэ сарын 4-нд өндөрлөнө.


Мөн энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор уран дархны урлагийг дэмжих зорилгоор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний түүхт 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв-урлахуй“ шилдэг бүтээлийн тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЗЯ, Уран дархны “Түмэн эрдэнэс” холбоо, Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж, олон нийтэд дэлгэн үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.



相关新闻