ХӨВСГӨЛ: Зуны нислэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-16 17:07:17

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнөөдөр "Хүннү эйр" компани E190 агаарын хөлгөөр нислэг үйлдсэнээр зуны нислэгээ эхэллээ.


Мөрөн нисэх буудал өнгөрсөн онд 620 буулт, хөөрөлтөөр 15000 зорчигчдод үйлчилж, 150 тонн ачаа тээвэрлэжээ.



Харин энэ зуны хувьд Мөрөн нисэх буудал олон улсын шууд нислэг үйлдэх, хүлээн авах бэлтгэлийг хангаж байна.


Тодруулбал, БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг долоодугаар сарын 29-нөөс эхэлнэ.


Энэхүү түүхэн нислэг манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой төдийгүй Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх гол зорилготой юм.


Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд анх 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зорчигч, шуудан тээврийн АН-2 онгоц бууснаас хойш онгоцны байнгын үйлчилгээ эхэлсэн түүхтэй билээ.




相关新闻