Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 10 сум, нэг тосгоныг хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-12 16:48:34

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 12-15-нд зохион байгуулж байна.


Энэ хүрээнд аймгийн Онцгой комисс, тусгай зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот 727 бие бүрэлдэхүүн, 58 нэгж техник хэрэгсэл, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг шалгаж, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр ажиллажээ. ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн 10 сум, 1 тосгонд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулах юм.


Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар аймаг, сум бүрийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чадавх, үүрэг гүйцэтгэлийг нэмэгдүүлэх ажээ. 





相关新闻