"Имж эх асаргаа" нь нярайн эндэгдлийг 40 хувь бууруулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-10 14:52:50

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас “Дутуу төрөлт: Сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” сэдэвт олон улсын сургалт, семинар үргэлжилж байна.


Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус сургалтаар дутуу төрсөн нярайд нэн шаардлагатай асаргааны арга техник болох “Имж эс асаргааны чиглэлийн сайн туршлага” сургалт мэдээллийг хүргэж байна.


Энэ талаар Ази Номхон Далайн Имж эх сүлжээний тэргүүн профессор Socorro De Leon-Mendoza ярихдаа, “Имж эх асаргаа нь нярай нялх үед хүүхдийн амьдрах чадварыг дэмжихээс гадна нас баралтыг бууруулах үндсэн арга төдийгүй хүүхдийг насан туршид эрүүл аз жаргалтай амьдрахад чухал нөлөө үзүүлдэг. Мөн хүүхдийн тархины хөгжлийг насанд хүртэл нь дэмжиж тухайн хүний сурах, ажиллах, нийгэмдээ хэрэгтэй зүйлийг бүтээх чадвартай болгодог. Уураг тархины хөгжлөөс гадна имж эх асаргааг хийснээр хүүхдийн хөхөөр хооллох чадвар нэмэгддэг. Зөвхөн эмнэлэгт биш гэртээ гарсны дараа үргэлжлүүлэн хийх боломжтой. Ингэж хийснээр хүүхдийн өсөлт, дархлаа зэрэг хөгжлийг хамгийн сайнаар дэмжиж байна гэсэн үг. Мөн хөхөөр хооллох нь эхийг маш олон төрлийн аюултай өвчнүүдээс хамгаалдаг бөгөөд хөхөөр хооллохыг имж эх асаргаатай хослуулснаар эхийн аз жаргалын дааврууд нэмэгдэж төрсний дараах сэтгэл гутрал болон сэтгэл зүйн хямралаас хамгаалдаг.  Мөн имж эх асаргааг нялх бага жинтэй хүүхдийг эмнэлэг хооронд тээвэрлэхэд ашигладаг. Ялангуяа алслагдсан эмнэлгүүдээс Улаанбаатар хот руу тээвэрлэхэд имж эх асаргааг ашигласнаар хүүхэд илүү аюулгүй, биеийн байдал нь тогтвортой байдлаар дараагийн эмнэлэгт хүргэгдэх болно”гэв.


“Имж эх асаргаа” нь дутуу төрсөн нярайг арьсаар хүрэлцүүлэн асрах арга юм. Нярайг дулаан байлгах, халдвараас сэргийлэх зэрэг ач холбогдолтой бөгөөд нярайн эндэгдлийг 40 хувь, үжлийг 65 хувь, гипотермийг 72 хувь, эмнэлэгт эргэн хэвтэхийг 58 хувь бууруулж, хөхөөр дагнан хооллолтыг 20 хувь дэмжиж, нярайн өсөлтийг дэмждэг байна. Мөн дутуу төрсөн нярайд зориулан 2001 оноос хэрэглэж эхэлснээс хойш өнөөг хүртэл олон улсын сургалтад хамрагдаж нарийн техник ач холбогдлыг эмч мэргэжилтнүүд нэвтрүүлэн зөвлөн туслах байдлаар хэрэглэж байгаа аж. 


Монгол Улсын Засгийн газар нярайн эндэгдлийг бууруулах зорилт тавин, 2030 он гэхэд 1000 амьд төрөлтөд 5.5, 2050 он гэхэд 2.3 хүртэл бууруулах стратегийг хэрэгжүүлж буй бөгөөд нөгөө талдаа эцэг эхчүүдийн асаргааны энгийн арга техникүүдийг сайтар сургаснаар энэ чиглэлийн эндэгдлийг бууруулах, аврах ач холбогдолтой юм.

 

相关新闻