“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-29 13:47:37

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.


Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

 

Энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хийв. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2026 онд 6 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2026 онд 7 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6 хувьд хүргэхээр тооцсон. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026-2028 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2026 онд 50 хувь, 2027-2028 онд 45 хувьтай тэнцэхээр тусгасныг тодотголоо. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлэв. Ингээд тус тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь нь дэмжив. 

相关新闻