Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 26 /DW/. Тавдугаар сарын 16-нд Туркт хүрсэн тохиролцооны дагуу олзлогдсон цэргүүдийг солилцох томоохон ажиллагааны гурав дахь үе шатны хүрээнд Орос, Украины талууд өчигдөр буюу ням гарагт тус бүр 303 цэргийг сулласан тухай Оросын Батлан хамгаалах яам Telegram сувагт мэдээлжээ.
Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, цаашид солилцох ажиллагаа явуулахгүй ажээ. “Ингэснээр тавдугаар сарын 16-нд Истанбул хотод Орос, Украины хооронд хүрсэн тохиролцооны дагуу тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд талууд 1000 хүнийг 1000 хүнээр гэсэн зарчмаар солилцоо хийлээ” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
Олзлогдсон цэргүүдийг солилцсон тухай мэдээллийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн Telegram хуудсандаа нийтэлжээ. “Эх орноо хамгаалагч 303 цэрэг эр эх нутагтаа эргэн ирлээ. 1000 хүнийг 1000 хүнээр солилцох тухай Туркт хүрсэн тохиролцооны гурав дахь үе шат амжилттай хэрэгжлээ” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
В.Зеленскийн хэлснээр, энэ удаагийн солилцоогоор Украины Зэвсэгт хүчний цэргүүд, Үндэсний гвардийнхан, Улсын хил хамгаалах албаны ажилтнууд болон Тээврийн тусгай албанд харьяалагддаг алба хаагчид эх орондоо буцаж иржээ.
Өмнөх өдөр нь буюу тавдугаар сарын 24-ны бямба гарагт Орос, Украины талууд олзлогсод солилцох томоохон ажиллагааны хоёр дахь үе шатны хүрээнд тус бүр 307 цэргийн алба хаагчийг сулласан байна.
Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус бүр 390 хүнийг солилцжээ. Тэдний 270 нь цэргийн алба хаагч, 120 нь энгийн иргэд байв.