“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-05-07 09:25:11

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай энэ сарын 6-нд Бүгд Найрамдах Турк Улсын Эгэ их сургуулийн “Арьс ширний инженер” ангийн профессор, доктор Бэхзат Орал Битлиси, профессор, доктор Хусейн Ата Каравана, доктор Эрсин Өнэм, доктор Али Ёрганжиолу нартай уулзаж, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.


Турк улс арьс шир, текстилийн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг, ялангуяа Эгэ их сургуулийн арьс шир инженерийн ангийн багш нар нь үйлдвэр, парк, цэвэрлэх байгууламжуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, олон улсын түвшний судалгаа шинжилгээний ажлыг байнга хийдэг бөгөөд Туркийн Шинжлэх ухаан, технологийн судалгааны зөвлөл (TÜBİTAK)-ийн дэмжлэгтэй Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн уулзалтад оролцогчид танилцуулав.


Эгэ их сургуулийн “Арьс ширний инженер” ангийг амжилттай төгсөн монгол залуус нутагтаа ирж салбартаа манлайлан ажиллаж байгааг энэ үеэр дурдав. Мөн цаашид Эгэ их сургуулийн арьс ширний инженер болон текстилийн инженерийн ангид оюутнуудыг тэтгэлэгтэй суралцуулах, богино хугацааны сургалтыг ноос, ноолуур, арьс шир, нэхмэлийн болон гутлын үйлдвэрүүдэд явуулах, түүхий эдийн чанарыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй боловсруулах технологийг нэвтрүүлэх хүрээнд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ БНТУ-ын төлөөлөгчид илэрхийлэв.

相关新闻