БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн шилдэг, хариуцлагатай татвар төлөгчдөд шагнал гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Татвар төлөгчдийн өдрүүд-2025” үйл ажиллагааны нээлт, 2024 оны шилдэг, хариуцлагатай татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслолыг аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хурлын танхимд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Е.Зангар нээж, 2024 оны шилдэг татвар төлөгчдөд баяр хүргэж, Монгол Улсын эдийн засаг, аймаг, орон нутгийн хөгжил дэвшлийн шинэ чиг хандлага, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулж буй нийт татвар төлөгчдөд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн баярын мэнд хүргэсэн бол, аймгийн Татварын газрын дарга Т.Фестиваль “Зөвлөн туслагч татварын алба” уриан дор зохион байгуулж буй "Татвар төлөгчдийн өдрүүд-2025”-ийн зорилго, ач холбогдол, 2024 оны татварын орлогын төлөвлөгөөний биелэлт, 2025 онд татварын албанаас онцлон хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хүргэж, хуулийн хугацаандаа татвараа төлж, улс эх орныхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа хөгжлийн түүчээ болсон татвар төлөгчдөд баярын мэнд хүргэж, талархал дэвшүүллээ.
Үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын татварын хууль
тогтоомжийг шударгаар биелүүлж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт,
хөгжил дэвшилд бодитой хөрөнгө оруулан 2024 онд төлсөн татварын үзүүлэлтээр
“2024 оны шилдэг татвар төлөгч”-өөр шалгарсан, мөн Монгол Улсын Үндсэн хуульд
заасан татвар төлөх үүргээ ёсчлон биелүүлж, хуулийн хугацаандаа татвараа төлдөг
хариуцлагатай татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагын
удирдлагууд болон иргэдэд аймгийн шагнал гардуулан ажлын амжилт хүслээ.
Баян-Өлгий аймгийн “2024 оны шилдэг тавар төлөгч”-өөр Аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар, “Хотгор зам” ХХК, “Жол” ХХК, “Цамбагарав-Өгөөж” ХХК, “Баян-Өлгий эм хангамж” ХХК-ууд тус тус шалгарсан бол хариуцлагатай татвар төлөгчөөр Нийтийн аж ахуй үйлчилгээний “СУАТ” ХХК, “Нур-Едил” ХХК, “Жанат” ХХК, “Малчны хөгжил” хадгаламж зээлийн хоршоо, “Хазына” ХХК-ийг болон иргэн Б.Даулетжан, С.Жанболат, Х.Сапарбек нарыг тус тус шалгаруулав.