СЭЛЭНГЭ: Өмнөд бүсийн ОБГ-ын алба хаагчдыг түймрийг унтраахад татан оролцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-04 16:44:41

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд өнөөдрийн байдлаар түймэртэй байна. Түймрийг унтраахад ОБЕГ-ын даргын тушаалаар хойд бүсийн болон өмнөд бүсийн ОБГ-ын алба хаагчдыг татан оролцуулж байна.

 

-Түшиг суманд гарсан түймрийн голомтод ажиллаж байгаа ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Баттүвшингээс түймрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Тэрбээр, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэр голомтод 324 хүн ажиллаж байна. Түймрийн тархалт зүүн урагшаа, урагшаа, баруун урагшаа болон баруун тал руугаа тархалттай явж байна.


Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад түймрийн тархалтын хурд нэмэгдэх эрсдэлтэй байгаа. Иймээс манай ОБ-ын алба хаагчид түймрийг бүх талаас нь унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Штабын зохион байгуулалтын хувьд түймрийн баруун талд ажиллаж байгаа алба хаагчдад хүнс, шатахуун, багаж зэрэг ар талын хангамжийг шуурхай хүргэх үүднээс штабын байрлалаас 2 хуваагдан ажиллаж байгаа.

 

Түймрийн нөхцөл байдлын тухайд шилмүүст ой учраас маш зузаан хөвдтэй, мөн зарим газартаа хүлэртэй учраас хүрзээр ухах, зарим хэсэгт хүрзний ишээ зоож шалгах байдлаар аюулгүй байдлаа ханган ажиллаж байна.

 

Мөн түймэр гарсан ой хүлэр ихтэй, дээрээс нь унанги мод элбэгтэй, зарим газраа хүний биеийн бүсэлхийнээс өндөр давсан өвстэй байгаа.

 

Энэ байдлаас шалтгаалаад унтраахад хүндрэлтэй, удаашралтай явж байна. Гэсэн ч бид хүлээсэн үүргийнхээ дагуу ирсэн цагаасаа хойш тасралтгүй өдөр, шөнөгүй ажиллаж гэв.

 

Ташрамд, өмнө нь Зүүнбүрэн, Хушаат, Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахад ажиллаж байсан ОБГ-ын алба хаагч бүлгүүдийг Түшиг суманд гарсан түймрийн голомтод татан хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.   

相关新闻