БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хот БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай хоттой хамтын ажиллагаагаа сэргээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-01 20:31:54

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ажлын баг 4 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай хотод зочиллоо. 


Аймгийн Засаг дарга Е.Зангар БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай хотын захиргаанд “Хөдөө аж ахуйн салбарын тэмээний хуурай сүүний үйлдвэр, үржүүлгийн аж ахуй, хүлэмжийн аж ахуй, эмийн ургамлын чиглэлээр хоёр улсын харилцан туршлага солилцох” тухай хүсэлт илгээсний дагуу аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Роза, Өлгий сумын Засаг дарга Х.Болатбек, мэргэжилтэн М.Саулеш болон хувийн хэвшлийн “Алатау” ХХК-ийн төлөөлөл бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай хотод 4 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу туршлага солилцлоо.


Ажлын багийнхан Алтай хотын “Ханас” тэмээний хуурай сүүний үйлдвэр, “Шанди биотехнологи” ХХК-ийн сүүний үйлдвэр, Калашилик суурин дахь тэмээний үржүүлгийн ферм, Чемурчек тосгооны “Алман” ХХК-ийн сүүний үйлдвэр, Алтай уулын ургамлын эмийн музей, Алтай хотын 20 га талбайтай 36 хүлэмжийн аж ахуй, үржүүлгийн газруудаар орж үйл ажиллагаатай нь танилцаж туршлага судалжээ.


Уулзалтын хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий хот болон БНХАУ-ын Алтай хотын Засаг захиргаа, аж ахуйн нэгжийн төлөөлөөгчдийн хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Өлгий сумын Засаг дарга Х.Болатбек, Алтай хотын Засаг даргатай хоёр хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг сэргээх, цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.








相关新闻