ЗАВХАН: Баруун бүсэд мэргэжлийн бүжигчдийг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-29 17:28:36

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр тохиож байна.

ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос эхлэн дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Дөрөвдүгээр сарын 29 бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг хэмээн нэрлэдэг аж.


Завхан аймагт Хөгжимт жүжгийн театрын бүжигчид болон чөлөөт уран бүтээлч 20 орчим бүжигчин олон нийтэд бүжгийн урлагийг таниулах уран бүтээлийн ажлаа хийж байна.


Мөн Монгол Улсын Консерваторийн харьяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж нь Монгол Улсад ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд баруун бүсийн аймгуудын мэргэжлийн урлагийн театр, чуулгуудын уран бүтээлчдийг бэлтгэдэг баруун бүсийн цорын ганц сургууль юм. Тус сургуульд өдгөө 180 гаруй оюутан, суралцагч суралцаж байна. Эдгээрээс 35 нь мэргэжлийн бүжигчин болохоор бэлтгэгдэж байна.


Ташрамд, бүжгийн урлагийг олон нийтэд таниулж буй чөлөөт уран бүтээлч, бүжигчин Х.Амаржаргалын үүсгэн байгуулсан  "Амкагийн бүжиг" сургалтын төв нь 7 жилийн турш үйл ажиллагаа явуулж давхардсан тоогоор 1500 гаруй хүүхэд залуучууд тус төвд суралцаж чамгүй амжилтыг үзүүлээд буй юм.


Энэ онд гэхэд сургалтын төвийн 10 бүжигчин Австри Улсын Вена хотод "Европын балетын Гран При-2025" олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна. Цэцэрлэгийн насны ангилалд Э.Минжин тусгай байр, бага насны төрөлд Р.Наранцэнгэл хүрэл медаль хүртжээ.


-Бид уламжлалт бүжгийн төрлөөс гадна балет, латин бүжиг, монгол бүжиг, цэнгээнт бүжиг, спортын бүжгийн төрлүүдийг зааж байгаа. Хамгийн бага суралцагч маань гурван настнууд. Тэд амралтын өдрөөр хичээллэхээр эгч, ах нартайгаа хамт ирдэг. Мөн хамгийн ахмад нь 63 настай. Тиймээс бүжиг бол бүх насныхны дурлах спорт, урлаг юм хэмээн бүжгийн сургалтын төвөөс нэмж дуулгав.


相关新闻