“Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд каталог хэвлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-28 09:43:34

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. ССАЖЗЯ-ны харьяа музейн байгууллагын удирдлагууд ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.

 

Энэ хүрээнд Москва хотод байрладаг Дорно дахины улсын музейн ерөнхий захирал, түүхийн шинжлэх ухааны доктор А.В.Седов Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

А.В.Седов Дорно дахины улсын музейн сан хөмрөгөөс монголын урлаг, соёлын түүхэнд хамаарах шилдэг үзмэрүүдийг танилцуулж, цаашид хамтарсан судалгаа хийж, үзэсгэлэн зохион байгуулах саналтай байгаагаа хэлэв.

Уулзалтаар Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун тус музейд хадгалагдаж буй монголын цуглуулгыг “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд судалж, 2026 оны хоёрдугаар улиралд каталог хэвлэн гаргана гэв.

 

1918 онд байгуулагдсан Дорно дахины улсын музей нь эдүгээ оросын соёл, боловсролын томоохон төв төдийгүй сан хөмрөгт нь Ойрхи Дорнод, Төв ба Дундад Ази, Кавказ, Алс Дорнодын ард түмний урлаг, соёлын олон ховор цуглуулгууд байдаг аж.


Тус музейн сан хөмрөгт XIX-XX зууны монголын түүхэнд холбогдох бурхан шашны эд зүйлсийн цуглуулга, танка зураг, Занабазарын дэг сургуулийн алтан бурхад, монгол зургийн аргаар зурсан уран зураг, монгол дээл хувцас, малгай, гутал, эмэгтэй хүний гоёл зүүсгэл, мөнгөн аяга, сав суулга, хөгжмийн зэмсэг, модон сийлбэр зэрэг олон үзмэр хадгалагдаж байна. 



 

相关新闻