ТӨВ: Төсөв шийдэгдвэл 5 дугаар сургуулийн өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-26 09:10:00

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын 5 дугаар сургуулийн их засварын зураг төсвийг 2022 онд хийж, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр их засварын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн их засварын ажил, 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна.


Тус сургуулийн байр нь барилга угсралтын газрын конторын зориулалттай байсан бөгөөд 30 жил үйл ажиллагаа явуулж цаашид хэвийн ажиллахад хүндрэлтэй болсон байна.  


Тодруулбал, 5 дугаар сургуулийн 60 гаруй багш, ажилтан, 950 сурагчид энэ хичээлийн жилд Зуунмод сумын 640 хүүхдийн спортын төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын шинэ сургуульд хичээллэж байна.


Мөн спортын төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуульд 660 гаруй хүүхэд суралцаж, 29 багш, 27 ажилтан ажиллаж байна. Тус сургууль 640 хүүхдийн суудалтай ба 2024 оны 8 дугаар сард ашиглалтад орж, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн.Тус сургуулийн нэг жигүүрт 5 дугаар сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.


Нэг барилгад хоёр сургууль үйл ажиллагаа явуулж байгаа учир спортын сургалттай шинэ сургууль бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй, үйл ажиллагаа нь жигдрэхгүй байгаа талаар сургуулийн удирдлагууд хэлж байв.


Сургуулийн их засвар, өргөтгөлийн барилгыг 2026 онд дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөл байдал үүсээд байгаа нь төсвийн хуваарилалтаас шалтгаалж байна. Төсөв шийдэгдвэл 2025 онд ашиглалтад оруулж болно хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байв.

相关新闻