СЭЛЭНГЭ: "Элит үр" ХХК-ийн С.Нямжав гавьяат агрономич цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-20 13:04:50

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Элит үр" ХХК-ийн захирал С.Нямжав Монгол Улсын Гавьяат агрономич цол хүртлээ.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

 

Хөдөө аж ахуйн ухааны доктор С.Нямжав Монгол Улсын төмсний үрийн хэрэгцээг хангах зорилгоор 2010 оноос эхлэн төмсний нутагшсан сортын элит үр үйлдвэрлэж эхэлсэн байна.

 

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт "Элит үр" ХХК-ийг байгуулж, өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Өнөөдөр тус компани 500 гаруй га эргэлтийн талбайтай, үүний 150 гаруй га-д нь усалгаатай тариалан эрхэлж, төмс болон хүнсний ногоо, буурцагт ургамал тариалж байна.

 

Мөн усалгаагүй талбайд жил бүр 200-250 орчим га-д улаанбуудай, 25-30 га-д ногоон тэжээл тариалж байгаа юм.

 

 

相关新闻