ЗАВХАН: Мөнгөн тэмдэгтэд мөнхөрсөн Отгонтэнгэр хайрхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-10 16:32:04

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Үндэсний мөнгөн тэмдэгтийн 5, 10, 20, 50, 100-тын дэвсгэртэд Завхан аймгийн нутагт оршдог Отгонтэнгэр хайрхныг дүрсэлсэн байдаг.


Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг 1925 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр анх гүйлгээнд гаргасан бөгөөд эдүгээ 100 жил болж байна.


1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан шинэ Үндсэн хуулиар улсын нэр, төрийн сүлд, далбааг өөрчилсөн учраас мөнгөн тэмдэгтийг шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарч, 1993 онд 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000 төгрөг, 1994 онд 5000 төгрөг, 1995 онд 10000 төгрөг, 2006 онд 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хэвлэн гүйлгээнд гаргажээ.


Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт бүр нь ар, өвөр талдаа Монгол Улсын хөгжлийн түүх, үндэсний бахархал, бэлгэдлийг харуулсан зураг, хөрөгтэй, өөр өөр өнгө хэмжээтэй юм. 


Мөнгөн тэмдэгтийн 5, 10, 20, 50, 100-тын дэвсгэртүүдийн нүүрэн талд ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын хөргийг, ар талд нь Отгонтэнгэр хайрхныг дүрслэн үндэсний хээ угалзаар чимэглэсэн байдаг.


Отгонтэнгэр хайрхны мөнгөн тэмдэгтэд "мөнхөрсөн" дүрслэлийг нь дуурайлган гэрэл зурагчид өдгөө ч тус шүтээн хайрхны барааг гэрэл зургийн хальсанд буулгах дуртай. 


Сонирхуулахад, мөнгөн тэмдэгтийн зургийг зурсан зураачдын нэг уран Минжүүр нь Завхан аймгийнх юм. Ц.Минжүүр нарын гурван зураач 24 цагийн харуул манаатай тусгаарлагдан Улсын төв банканд 1963-1965 онд мөнгөн тэмдэгтийн эхийг бэлтгэсэн түүхтэй.


“Уран Ц.Минжүүр нэг өдөр нөгөө хоёртоо “Араатны хаан арслан айл гэрийг аюул осол, гай түйтгэрээс хамгаалдаг гэж монголчууд бэлгэшээдэг. Иймээс арслантай авдрыг хоймроо тавьдаг. Түүн шиг манай улсын мөнгөн тэмдэгтийг хамгаална, нөгөөтээгүүр аливаа юм нэгээс үрждэг утгаар арсланг нэг төгрөгт дүрсэлж үзлээ. Болмоор байна. Яах вэ” гэж асуусан байна.


Хэрэв нэгтийн дэвсгэр дээр арслан зурсныг дарга нар мэдвэл зөвшөөрөхгүй учраас энэ нууцыг задруулахгүй гэсэн хариуг хамтрагч хоёр зураачаасаа авч байгаа нь энэ. Гэхдээ дотроо айдастай байсан нь мэдээж. Тиймээс ч 1965 онд мөнгөн тэмдэгтийн эх загварыг Намын төв хороогоор батлах үеэр дуудагдаж очихдоо тун эмээсэн гэдэг” хэмээн түүний хүү М.Дорждэрэм дурсамждаа өгүүлжээ.


Ц.Минжүүр нь нэгт, гуравт, тавт, аравт, хорин тавт, тавьт, зуутын нийт долоон дэвсгэртийн зургийг зурсан байна. Түүнчлэн 1964 онд гүйлгээнд гаргасан нэг, тав, арав, арван тав, хорь, тавин мөнгөний эх загварыг бэлджээ. 


Ц.Минжүүрийн зурсан арслангаар төгрөг мануулсан бүтээл, Монгол улсын мөнгөн тэмдэгт

相关新闻