ЗАВХАН: Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд зарим суурьшлын бүсийг тусгаагүй орхижээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн 24 сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийжээ.
Аудитаар
аймгийн 24 сумын газар зохион
байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт шаардлагын хэмжээнд хүрээгүй гэж дүгнэсэн байна. Энэ талаарх тодруулгыг Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Д.Бат-Ундраагаас
авлаа.
-Танайхаас аймгийн 24 сумын газар зохион байгуулалтын
төлөвлөгөө, хэрэгжилтэд аудит хийжээ. Гүйцэтгэлийн аудитыг хийхдээ ямар
зорилтын хүрээнд хийв?
-Завхан аймгийн 2024
оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө үндэслэлтэй боловсруулсан эсэх. Газар
зохион байгуулалтын төлөвлөгөөний
хэрэгжилт нь үр дүнтэй эсэх. Газрын
мэдээллийн нэгдсэн системийн бүртгэл үр дүнтэй эсэх гэсэн гурван зорилтын
хүрээнд аудит хийсэн. Мөн аймгийн 24 сумын 2023 оны газар олголтын ажлын үр дүнд аудит хийсэн
байна.
-Аудитаар илэрсэн зөрчлүүдийг тодруулж хэлнэ үү?
-Аудитын дүнгээр сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэлтэй боловсруулж, батлаагүй байна. Тухайлбал Алдархаан, Улиастай сумаас бусад 22 сум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй, зөвхөн иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтэд
үндэслэн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулан,
ИТХ-аар батлуулсан нь Газрын тухай хуулийн 56.1 дэх заалтыг зөрчсөн байна.
Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд зарим суурьшлын бүс тусгагдаагүй орхигдсон.
Нийтийн эдэлбэрийн газрууд болон гэр
хорооллын айлуудын дундуур төлөвлөгдсөн хатуу хучилттай замууд гэр хорооллын
айлуудыг нүүлгэн шилжүүлсний дараа хэрэгжих боломжтой зэргээс цаашид хотын хөгжлийн төлөвлөгөөг
тодотгох, шинэчлэх шаардлагатай байна гэж дүгнэсэн.
Сумдын ИТХ нь Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-ыг зөрчин, багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээгүй байхад тариалангийн газрыг давуу эрхээр газар эзэмшүүлэхээр төлөвлөдөг зөрчил нийтлэг байна.
-Сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт
шаардлагын хэмжээнд хүрээгүй. Газрын төлбөрийг бүрэн ногдуулан төвлөрүүлээгүй
байна гэж дүгнэжээ?
-Тийм ээ. Сумдын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 75.3 хувьтай байгааг аудитаас шаардлагын хэмжээнд хүрээгүй байна гэж үзсэн.
Сумдын Засаг дарга нар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд 16.8 га талбай бүхий 9 нэгж талбар газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 25.4, 31.2 33.1.1 дэх заалтуудыг зөрчсөн байна.
Тайлант
хугацаанд 17 сумын Засаг дарга нар газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд
заасан хэмжээнээс хэтрүүлэн 3.5 га талбай бүхий 110 нэгж талбар газрыг үнэ
төлбөргүйгээр олгосон нь Газрын тухай хуулийн
33.1.2-ийг зөрчсөн байна.
Нэр бүхий 9 сумын Засаг дарга нар 591.5 га талбайтай газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхдээ 17 ялагч газрын үнэ 413.5 сая төгрөгийг төлөөгүй, гэрээ байгуулаагүй байхад дуудлага худалдааг дахин зохион байгуулалгүй холбогдох журмыг зөрчсөн байна.
Иргэн, хуулийн
этгээдийн эзэмшилд байгаа газарт төлбөр, хураамжийг 171.6 сая төгрөгөөр дутуу
ногдуулсан. Газрын төлбөрийн
орлогыг 218.6 сая төгрөгөөр дутуу төвлөрүүлжээ гээд зөрчлүүд их байна.
-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй байна гэж дүгнэсэн байна. Тодруулж хэлнэ үү?
-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт болон газар олголттой холбоотой шийдвэрт аймаг, сумдын ИТХ, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас тавих хяналт хангалтгүй байна. Газрын мэдээллийн нэгдсэн системд 4,639 нэгж талбар бүхий газрын бүртгэл зөрчилтэй байгаа юм. Үүнээс сумдад байрших мэдээлэл холбоо сүлжээний болон шилэн кабелийн, цэвэр, бохир ус, халаалтын шугамын хамгаалалтын зурвас газруудыг газрын мэдээллийн нэгдсэн системийн бүртгэлд бүртгээгүй байна гээд зөрчлүүд гарсан.
Аудитаар нийт 1,646.3 сая төгрөгийн алдаа, зөрчлийг илрүүлэн, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад 25 албан шаардлага, 22 зөвлөмжийг хүргүүлсэн байна.
-Аудитын байгууллагыг иргэд хянадаг шалгадаг гэж ойлгодог. Дээрх зөрчлүүдэд зөвлөмж хүргэснээр ямар ач холбогдолтой вэ?
-Төрийн аудитын байгууллагыг зөвхөн хянан шалгадаг, алдаа зөрчил илрүүлдэг. Төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмж өгдөг зэргээр л төсөөлдөг бол зөвлөн туслах үйл ажиллагааг аудитын байгууллагаас тухай бүрд нь өгч ажилладаг.
Жишээлбэл аудитын гүйцэтгэх үе шатанд, ярилцлагын явцад, тайлагналын дараах үе шатанд зөвлөгөө, зөвлөмжийг өгдөг юм. Ер нь төрийн салбарт ил тод байдал, хариуцлага болон сайн засаглалын ухагдахуунууд нь үндсэн чухал зарчмууд юм.
Төрийн байгууллагууд иргэдийн төлөө ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа эсэх. Эдгээр үйл ажиллагаанд ямар нэг хязгаар байгаа эсэх, хүрэхээр зорьж буй нэгдсэн зорилт болон иргэн бүрийн хуулиар тогтоосон эрхийг хэрхэн хамгаалж, зохистой зарцуулж байна гэдэг ил тод байх ёстой юм.
Төрийн байгууллагууд нийтийн хөрөнгийг зүй зохистой удирдах үүрэг хүлээдэг.
Төрийн байгууллагууд болон тэдгээрийн томилогдсон албан
тушаалтнууд өөрсдийн үйл ажиллагаагаа ил тод байлгах. Иргэдийн хариуцуулсан
хөрөнгийг сайн зохион байгуулах ба хариуцах чадвартай байх үүрэг хүлээдэг.
Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа холбогдох эрх бүхий
байгууллагын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах. Иргэдийн хуулиар
тогтоосон эрхийг хамгаалах зэрэг асуудалд хяналт тавих нь төрийн хяналтын
чухал чиг үүрэг юм.
Ерөнхийдөө төрийн аудитаар, дээр дурдсан үндсэн зарчмуудыг
дагаж мөрдөж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавихад төрийн
аудиторууд туслалцаа үзүүлдэг. Зөрчил гарсан бол арилгуулах, цаашид зөрчил
гаргахгүй байх гэхчлэн зөвлөн туслах үйл ажиллагааг манай аудиторууд хийж
байна.
-Танд баярлалаа.