ЗАВХАН: Усалгаатай талбай 1522 га-д хүрэх боломжтойг судалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 8
/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хүн
амын төмс, хүнсний ногооны хэрэгцээг 2024-2026 онд дотоодын үйлдвэрлэлээр
хангахад 861 га усалгаатай тариалангийн талбай шаардлагатай байгаа талаар
аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Завхан аймаг төмс, хүнсний ногооны үрийн шинэчлэлт
хийх, хөнгөлөлттэй үнээр үр нийлүүлэх, усалгаатай газар тариаланг дэмжих
чиглэлээр жил бүр тодорхой ажлуудыг
үр дүнтэй хийхийг зорьж байна.
2024 онд 335.41 га усалгаатай талбайд төмс, хүнсний ногоо тариалж
ургац бүрэн авсан. Энэ жилийн хаврын тариалалт эхлэх гэж байна. Энэ жилийн төмс
хүнсний ногооны тариалалтын төлөвлөгөө эцэслэн гараагүй байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд байгаа услалтын системүүдийг сэргээн засварлаж бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадвал усалгаатай талбай 1522 га-д хүрэх боломжтойг ХХААГ-аас судалсан байна.
Завхан аймаг хүн амынхаа
хүнсний ногооны хэрэгцээний 28.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг.
Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ
1960-1990 он хүртэл жил бүр нэмэгдэж ирсэн бөгөөд 1990 он гэхэд тариалангийн
эргэлтийн талбай 82.4 мянган га-д хүрсэн байна.
Өнөөдрийн байдлаар 96 аж ахуйн нэгж, 602 өрх 12.8 мянган
га-д газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, нийт тариалангийн талбайн 15.5
хувийг ашиглаж байна гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.