СЭЛЭНГЭ: 102 настай Б.Нанзадад хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Ерөө сумын харьяат 102 настай Б.Нанзадад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон гардуулан өгч хүндэтгэл илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч жил
бүр 100-гаас дээш настай ахмад буурлууддаа гарын бэлгээ гардуулдаг уламжлалтай.
Б.Нанзад гуай Сэлэнгэ аймгийн
Зүүнбүрэн сумын Охиндий гэх газарт 1923 онд төрж улмаар төрөлх сумынхаа
сургуульд насаараа багшилж, олон зуун шавь нараа эрдэм мэдлэгийн их далайд
хөтлөн замчилж явжээ.
Тэрбээр 5 хүү, 5 охиныг өсгөн хүмүүжүүлсний зэрэгцээ тэдний үр хүүхэд, ач
гуч нь одоо 200 давсан өнөр олуулаа болоод байгааг хуучиллаа.
Түүний том охин нь 80 настай,
хамгийн бага нь 60 насыг шүргэж явна.
102 насыг зооглож байгаа Нанзад гуай ухаан саруул, хэл яриа цэгцтэй байгаа нь аргагүй л ардын
багш явсныг нь илтгэнэ.
XVII жарны модон могой жилийн
сар шинийн босгон дээр төр засгаас түүний өндөр насыг хүндэтгэсэнд ихэд
талархаж байгаагаа илэрхийлэв.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон өндөр настан Б.Нанзад гуайд ирэх жилийн сар шинээр эргэн уулзахын ерөөл дэвшүүлж, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөлөө.