ӨВӨРХАНГАЙ: Бат-Өлзий сумын Хүйтэнбулаг багаас анхны аварга малчин төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-22 13:31:48

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын Хүйтэнбулаг 5 дугаар багаас анхны “Аймгийн аварга малчин” төрлөө. Тус баг 2019 онд туурга тусгаарлан шинээр байгуулснаас хойш аварга малчин төрөөгүй байсан юм.



Юндэнгийн Баярмагнай, Намжилдоржийн Уранчимэг нар 1990-ээд оноос эхлэн гуч гаруй жил мал маллаж байгаа бөгөөд сумынхаа Урд агуйтын асгат хэмээх газарт 10 гаруй жил өвөлжиж, жилийн хатууг өнтэй даван өнөөдрийн амжилтад хүрчээ.

Эднийх гурван хүүхэдтэй, нэг хүүгээ удам дагаж, голомт залгасан малчин болгохоор зааж сургаж явна. Өөрийн эцэг эхээс “Малаа эрт бэлчээн орой дулаан хэвтэрт хотлуулж бай” гэх захиасыг сонсон биелүүлж ирсэн, одоо хүүхдүүддээ хэлж сургадаг хэмээн гэрийн эзэгтэй ярилаа.

Шинэ аваргынх дөрвөн төрөл дээр малаа өсгөдөг. Энэ хавар 200 гаруй хонь, 40-өөд үнээ, арав гаруй гүүнээс төл авна.



Аваргууд хэлэхдээ, “Залуу малчид цөөрч, ихэнх нь төв суурин газар бараадаж байгаад харамсдаг. Нэхий, арьс шир үнэгүй, малаас олох орлого хомс болохоор залуучууд мал маллаад амьдрахад бэрхшээл их байна. хэмээгээд залуу малчдадаа хандан, малаа хайрлаж уйгагүй хөдөлмөрлөж чадвал хүний авч болох бүх шагналд хүрнэ” гэсэн юм.

Аварга малчдын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Бат-Өлзий сумын Засаг дарга Н.Орхонтуул, Төлөөлөгч Д.Цэрэнтогтох нар гардуулан өглөө. 

相关新闻