Нийтийн тээврийг цахим системд шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-02 13:53:59

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх Шуурхай штаб хуралдаж, эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөх төсөл хөтөлбөр, гэр хорооллын айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр халаах шийдэл, Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт болон хотын уулзвар, гарцад суурилуулсан ухаалаг хяналтын камерын систем, нийтийн тээврийн салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.


Улаанбаатар хотод одоогоор 176 уулзвар, гарцад 2606 камер суурилуулаад байна. Нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв, 9 дүүргийн камерын хяналтын дэд төв байгуулж, төр, хувийн хэвшлийн бүх камерын мэдээллийг нэгтгэж, хиймэл оюунаар мэдээллийг боловсруулж байна.


Хотын дарга Х.Нямбаатар “Хиймэл оюунаар камерт бичсэн мэдээллийг хянах боломжтой. Тухайлбал, гал түймэр, үерийн усны түвшин, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжсэн мэдээллийг холбогдох ажилтан, албан хаагч нарт дамжуулна. Хотын төвийн нэг гол уулзварыг хянахад л өдөрт 100 мянган зөрчил илрүүлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрэм баримтлаагүй зөрчил их гарч байна. Хяналтын камеруудаар эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих, зогсох шугам давах зэрэг бусдын хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний эрчмийг багасгах үйлдлийг хянах боломжтой. Мөн хиймэл оюунаар зөрчилд шийтгэл ногдуулах суурийг тавьж байгаа” хэмээв.


Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэнийг тус хуралдаанаар онцлов. Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо автобусны төлбөрийн болон бүх төрлийн банкны карт, бусад төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглан өөрт хялбар байдлаар төлбөр төлөх боломжтой болоод байна. Жишээлбэл, утсандаа UBcard аппликейшн суулгаснаар QR кодоор төлбөр төлөх, зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах, ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх, нийтийн тээврийн чиглэл, зогсоол, цагийн хуваарь, тухайн автобусны зорчигчийн дүүргэлт болон замчлуулах, нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх, нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээлэл хүлээн авах боломжтой.


Нийслэлийн иргэдийн нийтийн тээврээр зорчилт 14.3 хувиар нэмэгджээ. Цаашид нийтийн тээврийн автобусыг саадгүй явуулахын тулд авто замаа өргөсгөх, шинээр барих, нэгдүгээр эгнээгээр зорчуулах зохицуулалтыг үргэлжлүүлнэ.



Автобус доторх хяналтын камерууд дүрсийг бодит цагаар хяналтын төв рүү илгээж байгаа тул жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих, тамхи татах, эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх зөрчил багасжээ. Мөн автобусанд суусан зорчигчийн тоо төлсөн төлбөр хоёрын дүнг харьцуулж дүгнэхээс гадна автобусны буудлууд дээр лед дэлгэц байршуулж байна. Лед дэлгэцээр ямар чиглэлийн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэхийг харах боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

 

相关新闻