АРХАНГАЙ: Бүх шатны албан хаагчдын цаг ашиглалтыг сайжруулах үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-28 15:56:01

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг энэ сарын 25-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа.


Учир нь эл өдөр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид эрхлэх асуудлын хүрээний 28 агентлаг болон ОНӨААТҮГ-ын удирдлагууд, 19 сумын Засаг дарга, сум дундын ойн ангийн дарга, ӨЭМТ-ийн дарга нартай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.


Хуралдааны үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал,


-Төрийн бүх шатны албан хаагчдын цаг ашиглалтыг сайжруулж, ажлын байрны дэг журмыг чанд сахиулах,

-Иргэдтэй тэгш харьцаж, өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүнд суртал, чирэгдэл гаргалгүй шуурхай шийдвэрлэн хариу өгч байх,

-Тусгай зөвшөөрөл бусад үйлчилгээг цахимд бүрэн шилжүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх,

-Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тухай бүр хуулийн дагуу захиалгыг хугацаанд нь хүргүүлж, сонгон шалгаруулалтын дагуу нөхөх,

-Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох,

-Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, автомашиныг хувийн зорилгоор ашиглахгүй байх зэрэг үүрэг даалгаврыг агентлагийн дарга нар, төсвийн байгууллагын удирдлагууд, сумын Засаг дарга нарт өгсөн.


Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 онд байгуулсан гэрээний үүргээ хангалттай хэрэгжүүлж ажилласан Эрдэнэбулган, Өлзийт, Хангай, Төвшрүүлэх, Чулуут сумд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мал эмнэлгийн газар зэрэг агентлагуудад өргөмжлөл гардуулж, удирдлагуудыг нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналаар шагнав.


相关新闻