ОРХОН: Аймгийн хэмжээнд томуугийн халдвар буурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний тархалт аймгийн түвшний дэгдэлтээс буурч, алаг цоог буюу улбар шар түвшинд байгааг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Томуу, томуу төст өвчин 10000 хүн амд 74.5 тохиолдол байгаа нь өнгөрсөн долоо хоногоос 88.7 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.4 тохиолдлоор их байгаа юм.
Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 139 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас дөрөв нь эрчимт эмчилгээний тасагт байна. Энэ он гарсаар эхний долоо хоногт 119 хүүхэд хэвтэж, 126 хүүхэд эмчлүүлж эмнэлгээс гарчээ.
Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 5.5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Амралтын өдрүүдээр хүүхдийн тасгийн хүлээн авахаар нийт 281 хүүхэд үзүүлж, 21 хүүхэд хэвтэж, 260 хүүхэд зөвлөгөө авсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдтэй харьцуулахад хүүхдийн хүлээн авахаар үзүүлэхээр ирсэн хүүхдийн тоо 136 (32.6%), хэвтсэн хүүхдийн тоо дөрвөөр цөөрсөн байна.
Хүүхдийн тасгийн үндсэн 55 ор дээр нэмэлтээр 50, халдвартын тасагт 40 ор дэлгэсэн. Нийт 150 ор дэлгээд байна.
Хэвтэн эмчлүүлж буй 139 хүүхдийн 111 буюу (79.8%) хүүхдийн тасагт, 28 (20.1%) хүүхэд Халдвартын тасагт тус тус хэвтэн эмчлүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг БОЭТ-ийн Хүүхдийн тасагт ажлын өдрүүдэд 16:00-22:00 цаг, амралтын өдрүүдэд 14:00-22:00 цаг хүртэл илүү цагаар ажиллаж байна. БОЭТ-ийн Хүүхдийн тасгаар зөвлөгөө авсан 398, хэвтээд гарсан 38 хүүхдийг хяналтад авсан бөгөөд гэрийн эргэлтийг 1767 хүнд хийсэн нь өмнөх 7 хоногоос 103 тохиолдлоор нэмэгджээ.