ГОВЬ-АЛТАЙ: Иргэний андгай өргөх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын "Иргэний андгай өргөх" ёслол боллоо.
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ой 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тохиож буй. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 21 дэх жилдээ зохион байгуулж буй “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх авч буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн, иргэний үнэмлэхийг батламжийн хамт гардуулдаг уламжлалтай.
Иргэний андгай өргөх ёслолд 16 настнуудын төлөөлөл болох Есөнбулаг сумын ЕБС, МСҮТ, АШУҮИС-ийн ахлах лицей сургуулийн сурагчдын төлөөлөл 14 сурагч оролцож “Иргэний андгай” өргөн иргэний үнэмлэх, батламжаа гардан авсан юм.