ЗАВХАН: Эртний далайн ёроол бүхий тогтоцтой ууланд 108 агуй бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын
нутагт Их хайрхан хэмээх эртний
далайн ёроол бүхий тогтоцтой, шохойн чулуун уул бий.
Уг уул цавчим өндөр байц хад бүхий хавцлуудтай, 10-15 метр урт, 108 хадан агуйтай. Энд төрөл бүрийн модлог бутлаг ургамал, олон зүйлийн ан амьтантай, унаган төрхөө хадгалсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар юм.
Нутгийн иргэд энэ
уулыг Манзушир бурхны орон буюу
Алтан тэвш уул хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтсээр иржээ. Түүний 108 агуйн
дотроос хамгийн том нь Эхийн, Намширын, Бага гэж нэрлэгддэг агуйнууд юм.
Эхийн агуй нь гэхэд 137 метр урт бөгөөд агуйн аман дээр хадаг бүхий том овоо босгосон байдаг. 70 орчим метр газрыг босоогоор явж, цаашлах тусам бөхийж, мөлхөж явсаар мухарт хүрдэг.
Мөн агуйд ирсэн хүмүүс нэр, хаягаа үлдээдэг жижиг
дэвтэр бий. Агуйд орохдоо лаа болон бамбар хийж ордогтой холбоотойгоор агуйн хана,
адар тортог болсон байна. Их хайрхан ууланд агуй үзэхээс гадна Хайрханы байгалийн
өвөрмөц тогтоц ханан хад, цохионууд нь үнэхээр содон хэлбэр дүрстэй гайхамшигтай байдаг учраас дотоодын
аялагчид тасардаггүй. Жил бүр энэ
уулыг зоригсдын тоо нэмэгдсээр
байгаа талаар нутгийнхан ярьж байна.
Эхийн агуйн адагт сэндэр шороо байдаг. Сэндэр хэмээх энэ шороог эртнээс нааш монголчууд яр шарханд түрхэх байдлаар хэрэглэж ирсэн түүхтэй.
Их Хайрхан уул
Их Хайрхан уулын агуй доторх байдал
Их Хайрхны Эхийн агуйн үүд
Их Хайрхан нь 108 том жижиг хадан агуйтай
Их Хайрхан уул нь Завхан аймгийн говийн сумуудын малчдын өвөлжөөний газар юм
Их хайрхан ууланд “Монгол” уран сайхны киноны зураг авалтыг хийжээ